Шударга мэдээ
Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ
БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх мэдээллийг өглөө.
“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21.353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй. Хоногт 3200-3600 тонн түлшийг борлуулалтын цэгээр дамжуулан хүргэж байгаа” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн. Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг. Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ.
Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.
Шударга мэдээ
“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.

Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.
Шударга мэдээ
Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.
Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



