Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай боллоо

Огноо:

,

-Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ-

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд баталж,  2022 оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг тэрбээр онцолсон. Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Одоогийн байдлаар 22 бүлэг 97 баримт бичгийг боловсруулжээ. Тэдгээрээс эхний ээлжинд есөн бүлэг 38 стандартыг энэ удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв.

“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.  Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18.664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартад Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавигдах шаардлага болон нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуур, гадна мэдээллийн байгууламж, саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, чийрэгжүүлэх талбай, хашаа, хайс, хашлагад тавигдах ерөнхий шаардлагууд багтсан байна. Нийслэлийн хэмжээнд 1090 тоглоомын талбай тоологдсоноос 85 хувь буюу 927-г нь нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 149 усан оргилуур, 180 хөшөө, нийтийн бие засах 17 газар, 72 мянган метр урт хашаа, хайс бий. Эдгээрийг зүй зохистой ашиглах, арчлан хамгаалах үйл ажиллагааг Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартаар зохицуулах юм.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага  гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Хог хаягдлын стандарт таван бүлэгтэй. Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж, Хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж, Аюултай хог хаягдлын удирдамж, Барилгын хог хаягдлын менежмент, Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж багтжээ. Энэхүү стандартыг баталж, дагаж мөрдсөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагддаг 13.5 сая ам метр талбайн цэвэрлэгээний ажлын бүтээмж дээшилж, төвлөрсөн хогийн цэгт ландфилл хийх талбайн хэмжээ багасаж, жилд гардаг 1383 сая тонн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах боломж бүрдэх юм. Судалгаагаар өнөөгийн нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд эргэлдэж буй долоон тэрбум төгрөгийг гурав дахин өсгөх эдийн засгийн дам нөлөө гарахаар тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва дурдаад, үйлчилгээний байгууллагуудын чанар, чадавх сайжрах хүлээлт байгааг онцолж байлаа.

Хот төлөвлөлт, хотын байгуулалтын стандартад барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг багтаажээ. Судалгаагаар барьж буй барилга угсралтын үед түр барьсан хамгаалалтын хашаа орчмоор өдөрт багадаа 300-600 хүн зорчдог аж. Тэдгээр иргэний аюулгүй байдлаас эхлээд барилга, зам засварын ажлын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад энэхүү стандарт чиглэсэн байна.

Түүнчлэн Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Иж бүрэн гудамж, Ногоон байгууламжийн стандартыг танилцуулсан юм. Хотын стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 34.411 санал ирснээс 10.769 нь дэмжсэн санал байжээ. Есөн бүлэг стандартаас Нийгмийн дэд бүтэц стандартад хамгийн олон буюу 14.102 санал өгсөн бол нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт 10 мянга гаруй санал ирсэн байна.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол  дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчилж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж  тооцож байгаа гэсэн юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүдийн зүгээс Хотын стандартыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хувь төлөөлөгчдийн зүгээс барилгын салбарт л гэхэд зураг төсөл боловсруулах үе шатаас эхлэн ашиглалтад орсны дараа хүртэл стандартыг мөрдүүлж хэвших, нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдсэн бол долоо хоногийн дотор хохиролгүй болгодог байх, Улаанбаатар хотыг бүсчлэн стандарт боловсруулах, стандартыг дахин хэзээ шинэчлэхийг тодорхой заах, гэр хорооллын худалдаа, үйлчилгээний байгууллагын стандартыг хотын төвийнхөөс ялгамжтай болгох, стандартын цахим платформ үүсгэх гэхчлэн саналуудыг хэлж байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Улаанбаатар хотод мөрдөгдөх Хотын стандарт батлагдлаа. Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа, хайсыг буулгалаа

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан.  Энэ орчимд авто машин, сэлбэгийн худалдаа байхад тохиромжгүй.  Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Гепатитын Д вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусний халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусний халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан.

Монгол Улс гепатитын вирусний халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Гепатитын вирусний А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.

Гепатитын Д вирусний халдвар ихэвчлэн гепатитын Б вирусний халдвартай хавсардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусний халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай байна. 

Гепатитын Д вирусний халдварыг эмчлэхэд "Булевиртид" эм үр дүнтэй хэмээн гэж үзэж байна. "Булевиртид" нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.

Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас "Булевиртид" эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс "Булевиртид" эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын Б, Д вирусний эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

"Булевиртид" эмийг анх ОХУ нээсэн бөгөөд эмийн патентаа АНУ-ын "Gilead Science" компанид зарснаар "Gilead Science" компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн ба гадаад улс орнуудад экспортлох боломжгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.1.5-д заасан “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээн Засгийн газраас үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна. Аливаа асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэй. Бид “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бүхий л салбарт ажиллах хүч, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна. Төлөвлөгдсөн даацаасаа хэд дахин олон хүн амтай болсон Улаанбаатар хотод цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч байна. Тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнууд ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хийх хэрэгтэй. Мөн стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох