Цаг үе
Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна.
Гэвч эдгээр залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог.
Санхүүгийн залилан, луйврын цар хүрээ өргөжин тэлэх тусам хохирогчдын тоо нэмэгдэж зөвхөн анхны цөөн тооны хөрөнгө оруулагч буюу санаачлагчид ашиг орлогыг хүртдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна.
Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон.
Ялангуяа орон нутгийн иргэдийн мэдээ, мэдээллээс алслагдсан байдал, санхүүгийн хүртээмж, санхүүгийн мэдлэгийн түвшин хангалтгүй зэргийг ашиглаж тэднийг татан оролцуулах, залилах тохиолдол нэмэгдсээр байна.
Тухайлбал, олон улсад пирамид загвартай үйл ажиллагаа явуулдаг буюу өөрийн цахим хуудсаар дамжуулан виртуал хөрөнгийн хэтэвч нээсэн хүнд түүний оруулсан анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан хэтэвчинд койн/токен хэлбэрээр байршуулж өгдөг, дороо гишүүн элсүүлэх бүртээ урамшуулал олгодог, цахим хуудсан дахь мэдээлэл нь олон хэлэнд хөрвүүлэгдсэн залилангийн шинж чанартай механизмууд гарах болсон. Эдгээр этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар гишүүнчлэлээ нэмэгдүүлж байна.
Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж буй, бүртгэлийн шаардлага хангасан, Монгол Улсад бүртгэлтэй компани виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох боломжтой юм. Гэтэл манай улсад бий болсон нэг жишээг дурдвал Platin Coin /PLC/ нэр бүхий койноор дамжуулан СЗХ-ноос албан ёсны зөвшөөрөл авсан гэж иргэдийг итгүүлж санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, хүн элсүүлэх тутам урамшуулал олгож, хамгийн олон гишүүн элсүүлсэн хүн нь шатлал ахих зарчмаар явдаг схем юм.
Тус Platin Coin-ийн цахим хуудас нь 18 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 2016 онд домэйн /www.platincoin.com/ нь бүртгэгджээ. Үүний дараагаар домэйныг www.plcultima.com болгон шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 9 орны хэлээр орчуулсны нэг нь Монгол хэл юм. Уг компанийн гүйцэтгэх захирал Алекс Рейнхардт нь өмнө нь SwissCoin буюу Platin Coin гарч ирсний дараахан дампуурсан понзи схемийн томоохон гишүүдийн нэг байсан гэж үздэг. Platin Coin нь Дубай, Швейцарь, Хонконг, Словени зэрэг дэлхий даяар тархсан олон тооны халхавч компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэж хэрэглэгчид үздэг байна.
Иймээс олон улсын болон зарим орны санхүүгийн зохицуулагч байгууллагаас Platin Coin, PLC Ultima нь эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулалт хийхгүй байх, залилан мэхлэх схем байж болзошгүй учир компанийн талаарх мэдээллийг нягталж, эцсийн өмчлөгчийг тогтоох, аливаа тусгай зөвшөөрөл, бүртгэл эзэмшдэггүй тул хяналт, зохицуулалтад хамаардаггүй талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаад байна. Мөн олон улсын шинжээч, судлаачид, виртуал хөрөнгө сонирхогчид, хувь хүмүүс ч энэ талаар судалгаа хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.
Иймд иргэд Та бүхэн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хүлээж болзошгүй хохирлыг бие даан хариуцахыг ухамсарлаж, холбогдох судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр санхүүгийн шийдвэр гаргаж, өөрийгөө болон бусдыг залилан луйвар, санхүүгийн пирамид, эдийн засгийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү. Platin Coin, PLC Ultima-той холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг, холбогдох бусад мэдээлэлтэй Та бүхэн доорх хаягаар орж танилцах боломжтой.
- https://www.financemagnates.com/cryptocurrency/regulation/germanys-bafin-warns-against-platincoin-crypto-firm/
- https://bitcoinexchangeguide.com/germanys-financial-authority-warns-crypto-asset-investors-against-platincoin/
- https://behindmlm.com/companies/swisscoin-added-to-finma-warning-list/
- https://ico-class-action.org/class-actions/platincoin
- https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
- https://myopinion.wwpa.com/post/alex-reinhardt-platincoin-scam
- https://behindmlm.com/mlm-reviews/platincoin-review-top-swisscoin-investor-launches-own-crypto-scam/
- https://ico-class-action.org/class-actions/platincoin
- https://lemonpress.mn/news/piramide_MGL/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Цаг үе2020/01/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Улстөр нийгэм2020/06/22
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажилл...
-
Улстөр нийгэм2022/04/14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Цаг үе2020/01/13
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
