Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтээс уучлал хүслээ

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд иргэн болон ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн бие, эрх чөлөөнд халдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтээс уучлал хүсчээ.


Тэрбээр,

"Нийт сэтгүүлчид болон иргэд олон нийтээс уучлал хүсье.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, зураглаачид болон иргэд олон нийтээс уучлал хүсэж байна.

Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн, хамгаалах болно.

Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.

ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно.
Мөн цаашид энэ мэт хууль тогтоомж, хүний эрхийг зөрчсөн үйлдэл дахин давтагдвал ЦЕГ-ын дарга, Хошууч Генерал Ж.Болд болон Цагдаагийн байгууллагын шат шатны удирдлагуудад хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдлээ." гэсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын хуралд үг хэллээ

Огноо:

,

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал 2024 оны хоёругаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.

“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.

Тэрбээр, залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эцэст нь та бүхэн монгол орны тухай улам их мэдлэгтэй болж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаад талархаж байна. Улмаар улс төрд, ялангуяа парламентад залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 9 минут

“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ

Улстөр нийгэм19 цаг 11 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно

Үзэл бодол19 цаг 14 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага...

Цаг үе19 цаг 16 минут

Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий...

Улстөр нийгэм19 цаг 18 минут

Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Улстөр нийгэм19 цаг 25 минут

Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл...

Улстөр нийгэм19 цаг 27 минут

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт ...

Шударга мэдээ19 цаг 31 минут

Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Цаг үе19 цаг 32 минут

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цаса...

Цаг үе19 цаг 37 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох