Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орсон. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 7691 өрх байдаг бөгөөд эдгээр өрх жилд 23 мянган тонн түлш хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ. Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан түлшийг 14 хоногоос нэг сар хүртэлх хэрэглээгээр нь бөөндөж авах хүсэлт удаа дараа ирсэн байна.

Иргэдийн санал хүсэлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орсонтой холбогдуулан өнгөрсөн зун, намар иргэд, оршин суугчидтай уулзан, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч, сайжруулсан түлш борлуулах цэг байгуулах, тээвэрлэлт хийх зэргээр ажлаа зохион байгуулсан. Сайжруулсан түлш борлуулж эхэлсэн цагаас хойш буюу 2022 оны есдүгээр сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус дүүрэгт нийт 20 мянган тонн түлшийг нийлүүлээд байна. Сайжруулсан түлшийг хоёр компанийн 20 машин тээвэрлэж, 31 борлуулалтын цэгээр түгээж байгаа бөгөөд өдөрт 120-150 тонн түлшийг Налайх дүүргийн найман хороонд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт байрлах долоон агуулахад 4000 тонн сайжруулсан түлшний нөөц бий. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэгт тасаг байгуулж, гэрээт 30 ажилтантайгаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Налайх дүүрэгт агаарын чанарыг хянах нэг суурин харуул бий. Үүнээс дүүргийн хэмжээнд ямар эх үүсвэрээс хэр их бохирдол үүсэж байгааг өдөр тутамдаа хянадаг. Иргэд ч мөн “Agaar.mn” аппликэйшн болон www.iqair.com сайтаас мэдээлэл авах боломжтой.

Мөн иргэдийн зүгээс 14 хоногоор, цаашлаад нэг сараар сайжруулсан түлшээ бөөндөж авч болох уу гэдэг хүсэлт ирсэн. Бид эхний ээлжид долоон хоногт долоон шуудай сайжруулсан түлш олгох зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд хийгээд байна. 14 хоногоор түлш олгох боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн үйлдвэрт 14 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000-3200 тонн түлш хэрэглэдэг. Нөөцөлсөн түлшнээсээ болон үйлдвэрээс гарч буй түлшээрээ өдрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Тиймээс 14 хоногоор түлшээ түгээхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болох юм. Ирэх жилээс нөөцөө хангалттай бүрдүүлж, үйлдвэрийн шугамуудаа бүрэн ажиллуулбал иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тогтмол уулзалт хийдэг бөгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатандаа хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцдэг байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж буй асуудлуудаа хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох вэ, залуусын дуу хоолойг яаж хүргэх вэ, тэдний оролцоог бодитоор хэрхэн хангах вэ гэх зэргээр ярилцсан бөгөөд цаашид бодит үр дүн гаргахад анхааран ажиллахаа дүүргийн удирдлагууд онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна.

Мөрдөгчдийн ажлын хэсгийн “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо

Огноо:

,

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 ам метр талбай бүхий зоорьтой гурван давхар.

Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2702 өрхөд буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ.

Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч "Пома групп"-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй. Төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байна. Тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байна. "Пома групп", ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм. Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Түүнчлэн "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай НИТХ-ын 25/91 дугаартай тогтоол 2025 оны долоодугаар сарын 08-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ын бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай НЗД-ын А/1490 дугаартай захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллах юм.

Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах тухайд, Монгол Улсын хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 413 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг. Мөн Нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан. Түүнчлэн Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд Дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага"-ын стандартыг мөрддөг аж.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох