Цаг үе
"Хадгаламжийг зуршил болгож хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой"
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах, гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилттой уялдуулан Төрийн банк нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч ААН-тэй хамтран ажиллаж харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд өнөөдөр Төрийн банкнаас эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ шийдлийг нэвтрүүлэгч “Хайбрид хаус” ХХК болон Улаанбаатар хотын шинэ суурьшлын цэвэр агаартай бүсэд эко хотхоны төсөл хэрэгжүүлж буй “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-иудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэж байна.
Тус санамж бичгийн хүрээнд Төрийн банкны харилцагчид Орон сууц худалдан авах төлбөрөө Төрийн банкны хадгаламжид хуримтлуулсан, эсхүл урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл болон Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл авч байгаа бол тус байгууллагуудын орон сууцыг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хайбрид хаус” ХХК-ны эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс 5 хувь, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-ны хэрэгжүүлж буй хотын хөл хөдөлгөөн, агаарын бохирдлоос хол цэвэр агаар, эрүүл хөрстэй бүсэд байршилтай “Мандал эко хотхон”-ны орон сууцыг зах зээлд борлуулж буй 1 мкв тутамд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тус тус авах боломжтой.
Төрийн банк нь Монгол улсын иргэдийн хамгийн ихээр ажиллаж, амьдарч, суралцдаг БНСУ-д байгаа иргэд харилцагчдадаа зориулан өнгөрөгч онд Багц бүтээгдэхүүн болох “ХАУС” хадгаламжийг зах зээлд нэвтрүүлж байсан бөгөөд дээрх хөнгөлөлтийг БНСУ-д амьдарч буй “ХАУС” хадгаламж эзэмшигч нар ч авах боломжтой юм. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэд тус улс дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан мэдээлэл авах боломжтой бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргаж дараах гурван төрлийн бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой.
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл
- Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл
- Орон сууцны ипотекийн зээл
Дэлгэрэнгүй мэдээлэлийг https://www.statebank.mn/product/1258 болон 1800-1881 дугаараас авах боломжтой.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
