Цаг үе
Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын улсын анхдугаар уралдаан зохион байгуулагдлаа
Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
Хүнс, технологийн политехник коллежид болсон тус тэмцээнд 9 аймаг, 6 дүүргийн 32 тогооч оролцов. Тэмцээн онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн 2 үе шаттай байлаа.
Тогооч нарын ур чадварын түвшин тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээний Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд:
I байр: Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн тогооч Ц.Болорхундага,
II байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа,
III байр: Дархан уул аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Д.Ариунаа,
Тусгай байр: Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Энхзул
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны төрөлд:
I байр: Хан-Уул дүүрэг 32 дугаар сургуулийн тогооч Т.Хандсүрэн
II байр: Дархан уул аймгийн Од цогцолбор сургуулийн тогооч Н.Урантуяа
III байр: Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуулийн тогооч Н.Ганчимэг
Тусгай байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч К.Түмэнжаргал тус тус эзэллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.
Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах технологиор гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
"Гермес" төвийн урд байрлах гуравдугаар нүхэн гарц нь Нарны замыг Дундгол /Тээвэрчдийн гудамж/-ын автозамтай холбох бөгөөд нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ нь 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм.
Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 м-ийн өргөнтэй гулсах тавцан ашиглан гүйцэтгэж буй аж. Туннелийг нийт 46,8 орчим метр түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метр түлхсэн бөгөөд уг технологийг Монголд анх удаа Нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа юм. Уг төслийг 2026 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж гэсэн байршилд хэрэгжүүлж буй билээ.

-
Цаг үе2020/07/09
Нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг нутагшууллаа
-
Улстөр нийгэм2024/02/22
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сон...
-
Улстөр нийгэм2020/12/30
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Урлаг спорт2024/05/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзл...
