Шударга мэдээ
“Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үед нэг удаа буудлага үйлдэгдэн сум алдаж, улмаар хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Шударга мэдээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой" ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
-
Цаг үе2023/03/03
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
-
Улстөр нийгэм2023/05/26
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцл...
-
Цаг үе2025/02/11
Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ
-
Цаг үе2023/12/07
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ
