Цаг үе
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн.
Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг. Гэвч аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсаар байгаа юм. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр уг хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй.

Хан-Уул дүүрэгт л гэхэд 951 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах стандартын шаардлага хангахгүй хаяг, хаягийн байгууламж бий гэсэн судалгаа гарчээ. Иймд тус дүүргийн зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг буулгаж эхэллээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжээ алдсан самбарууд нь хүчтэй салхинд унах, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул уг ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 600 гаруй зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж буулгасан. Энэ жил Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан тушаал болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан, зөрчлийг арилгахаар ажиллаж буй. Хан-Уул дүүрэг хороодтойгоо хамтран худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхлээд байна” хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишиг “Манай хорооны нутаг дэвсгэрт 270 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрээс эхний ээлжид зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламжаа байрлуулсан 22 аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнээс 11 аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламжийг буулгаад байна. Самбарыг зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулснаар явган хүний зам, гарц гармыг хааж, зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох стандарт, журмыг чанд сахиж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв.
2022 онд шинээр баталсан Хотын стандартын “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага”-д гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангадаг байх ёстой зэргээр заасан юм. Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг дүүрэг бүр эхлүүлээд байна.

Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





