Цаг үе
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 06-ны 20 цагаас 05-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2024 оны 05 сарын 08-наас 2024 оны 05 сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.
Цаг үе
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.
Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах технологиор гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
"Гермес" төвийн урд байрлах гуравдугаар нүхэн гарц нь Нарны замыг Дундгол /Тээвэрчдийн гудамж/-ын автозамтай холбох бөгөөд нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ нь 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм.
Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 м-ийн өргөнтэй гулсах тавцан ашиглан гүйцэтгэж буй аж. Туннелийг нийт 46,8 орчим метр түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метр түлхсэн бөгөөд уг технологийг Монголд анх удаа Нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа юм. Уг төслийг 2026 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж гэсэн байршилд хэрэгжүүлж буй билээ.

-
Цаг үе2024/01/02
ЭХЭМҮТ: Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх хурал боллоо
-
Үзэл бодол2020/10/12
З.Балдандугар: Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын хэвлийн хөндийн мэс заслыг хийд...
-
Цаг үе2020/08/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2023/05/09
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
