Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны зургаадугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Их Нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
2024 оны зургаадугаар сарын 19-нөөс 2024 оны зургаадугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Цаг үе
Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Уг хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулж буй. Энэ хүрээнд уг хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Ийнхүү ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарлаа. Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, тус байгууллага нь Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьж байсан. Мөн 2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэж байжээ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаар КОП 17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын Захирал бөгөөд Хэлэлцээ хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баттулга “Уг хурлыг хөх болон ногоон бүс гэсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хөх бүс дэх түр барилга байгууламжийг барьж байгуулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулж, шийдвэрийг гаргалаа” гэв.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүрэгт нийт 905 айлд хийн халаалтын зуух суурилуулаад байна. Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Тус хийн зуух нь:
- 6 кВт/ц, 10 кВт/ц хүчин чадалтай,
- Олон улсын NFPA норм, ASME стандартын шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн,
- Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай,
- Яндан нь хоёр давхар хийцтэй,
- Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг. Өөрөөр хэлбэл, монгол гэрийн зуух шиг доторх агаарыг сорж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй,
- Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг,
- Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар,
- Ахуйн хэрэглээний газан плиткатай,
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.
Харин хийн баллон нь:
- Олон улсын NFPA нормын шаардлага хангасан,
- Аюулгүй хавхлагатай,
- Хамгаалах хавхлагатай,
- Хэт дүүргэлтийн хавхалгатай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, ярилцлаа
НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлээс зөвлөлөөс галын эсрэг менежментийг шинэчилж Нэгдсэн шуурхай удирдлагын төв нээж, гал, усны аврах дуудлагын үед очих хугацааг багасгах, газын хэрэглээтэй холбоотой осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зэрэг үндсэн бодлого баримталж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчидтай нээлттэй ярилцаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон энэ жилийн хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор саналыг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд гал унтраах нийт 16 анги байгаа үйл ажиллагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас хамаарч ажлын ачаалал харилцан адилгүй байна. Тухайлбал, Нийслэлийн аврах гал унтраах 10-р ангид өдөрт багадаа 2-3 дуудлага ирдэг байна. Улирлын онцлогоос хамаарч дуудлагын тоо харилцан адилгүй байна. Аврах ангийн аврагчид, гал сөнөөгчдийн хувьд мэргэжлийн ур чадвар, бие бялдрын үзүүлэлтээр гаднын улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд гэдгийг онцоллоо. Харин сүүлийн үед ихээр баригдаж буй өндөр барилга, шилэн фасадтай барилгуудад гал гарсан үед туршлага, аргачлал дутмаг учир гадагшаа энэ төрлийн сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг байна. Гадаадын туршлагатай улс орноос өндрийн галын үед ажиллах сургалтыг үнэ төлбөргүй орох боломжтой гэдэг санал тавьдаг ч ирж, очиж зардлыг өөрөө хариуцах тохиолдолд санхүүгийн боломжгүй тул явж чаддаггүй, байгууллагаас явуулах төсөв мөнгөгүй тул ийнхүү цаг үеэсээ хоцрох явдал гарч байна гэдгийг алба хаагчид онцлов. Түүнчлэн галын дуудлагад явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, орон сууцны хорооллууд орц, гарцгүй, чиптэй тусгаарлах хаалттай тул гал гарсан газраас хол зогсож, усны хоолой, багаж хэрэгслээ зөөхөөс эхлээд хүндрэл их үүсдэг байна.
Харин дээр уулзалтын үеэр нийгмийн тал дээр үндсэн тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчид илэрхийллээ. Тухайн уулзалтад оролцсон 40 орчим алба хаагчдын 90 хувь өөрийн гэр, орон сууцгүй. Түрээсийн байр, хашаа байшин, аав ээжийндээ амьдардаг байна. Орон сууцны зээлд хамрагдах гэхээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг учир урьдчилгаа хуримтлуулж чаддаггүй, эсвэл урьдчилгаа хүрдэггүй байна. Тиймээс хэдийгээр онцгой байдлын албанд сонирхолтой ч гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд цалин, урамшуулал өндөр газарт ажиллахыг илүүд үздэг талаараа ярилаа.
Аврагч, гал сөнөөгчид гал усны өөдөөс сөрж хүний алтан амь, өчнөөн төгрөгийн эд хөрөнгийг хохирлоос хамгаалан хүнд нөхцөлд ажилладаг хэр нь ялангуяа нийслэлийн хэмжээнд ажиллаж буй алба хаагчид цалин, урамшуулал бага зэрэг шалтгаанаас үүдэж ганц, хоёр жил ажиллаад ажлаасаа гарах, орон нутаг руу шилжих асуудал түгээмэл гэдгийг НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах хэллээ.

Иймд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр гал, усны аюултай хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг, амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг аврах, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломжийг судалж, бусад асуудлыг хуулийн хүрээнд холбогдох төсвийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад алба хаагчдынхаа нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
