Улстөр нийгэм
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна.
Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу БНСУ-ын “Бюксан Инженеринг” ХХК-ий 2023 онд боловсруулсан “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”, урьдчилсан зураг төслийн суурь судалгаа болон Улаанбаатар хотын болгох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны тавдугаар сард баталсан ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг үндэслэн “Төв цэвэрлэх байгууламжийн хашаанд лаг хатаах, шатаах, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийн төслийг боловсруулж байна.
Үргэлжлүүлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж, мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.
Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, ил гарсан цахилгааны утсыг засварлаж дууссан байна. Мөн гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжилтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж байна. Тэрчлэн есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрийн 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажлын судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө гаргахаар “Populous Holdings” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан юм. Тиймээс олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгов.
Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Яармагийн шинэ авто замын гүүрийг эрчим хүчний гудамжтай холбох ажлыг эрчимжүүлэх,
- Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах,
- Street food” буюу гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах,
- Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
- Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Цаг үе2024/11/14
БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тог...
-
Улстөр нийгэм2025/09/09
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцлаа
-
Шударга мэдээ2024/11/06
Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина
-
Улстөр нийгэм2020/04/16
П.Галиндэв: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж байгаа С.Эрдэнийг ҮХЦ-д өгн...
