Цаг үе
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр 23:00 цагт ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар албан хаагчидтай ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонсож ажиллалаа.

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг бөгөөд, GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянан, удирдлагаар хангах зорилгоор анх 2007 онд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” нэртэйгээр байгуулагдсан бол хожим 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар болон Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн албадыг нэгтгэн бүтэц, орон тоог баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулагдсан түүхтэй аж.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа.

Тэрбээр “Баасан гарагт манай төвд хандан ирэх дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал цөөнгүй бий. Одоогоор 103 буюу яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машинуудын хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцануй түргэн очдог бол 103, 105-ын автомашинууд замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.
Хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн зүгээс дуудлага ирэхдээ удаан байна, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэт арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг олон гомдлыг бидэнд мэдэгддэг. Мэдээжийн хэрэг дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын ачаалал ихтэй байдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.

Мөн Хотын дарга яаралтай түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй холбогдон “Та дуудлага өгсөн юм байна. Хотын дарга С.Амарсайхан тантай ярьж байна. Би өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр ажиллаж байгаа, тус байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. Та 22:30 цагт та дуудлага өгсөн юм байна. Одоогоор дуудлага очоогүй байгаа юу. Өвчтөний биеийн байдал ямар байна. Замын ачааллаас болоод дуудлага жаахан саатсан бололтой. Удахгүй очно гэлээ. Та санал хүсэлтээ хэлээрэй” гэлээ.
Энэ жил яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна
Хотын даргын тус төвд ажиллаж байгаа тухай мэдээллийг аваад тус төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа ажлын ширээний хойно сууж, ажил хэргийн асуудлаар санал солилцлоо. Тус уулзалтад ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн, тус төвийн Захиргааны хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр, Шуурхай удирдлагын хэлтсийн 103 төвийн дарга, цагдаагийн хошууч Т.Бат-Идэр, Шуурхай удирдлагын хэлтсийн 102 төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Хишигбаатар оролцлоо.

Хурандаа О.Зоригт “Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 01 сараас эхлэн дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлээд явж байна. Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэдэд өгсөн дуудлага нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгдөг болно” гэв. Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхний ажлын онцлог, ачааллыг бид сайн ойлгож байгаа. Улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор шийдвэрлэх олон асуудал бий. Түүний нэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал. Иргэд яарч, сандарсан, өвдөж зовсон үедээ эмнэлэг, цагдаа, онцгойгийнхонд ханддаг. Тиймээс бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг энэ гурван байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тийм ч учраас бид оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө 45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Хотын зүгээс хөдөлгөөнт эргүүлүүдэд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй үнэхээр тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлээд албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийн өөрсдийн боломжоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа, энэ асуудлын хүрээнд тулгараад байгаа газар болон бусад асуудалд анхаарч өгөх”-ийг хүссэнээр ажил хэргийн уулзалт өндөрлөлөө.
Дашрамд дурьдахад иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүрэг гүйцэтгэж байгаа 103, Цагдаа, Онцгой, гал командын автомашинд зам тавьж өгөөрэй гэдгийг хүсэх байна.
Цаг үе
"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан. Тэгвэл өнөөдөр хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Өнөөдөр 300 гаруй залуус сайн дураараа нэгдэж, Олимпын гүүр болон явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг учраас хот өнгө үзэмжтэй байх ёстой.

Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор зочилдог. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна. Бид дараагийн удаад Энхтайваны гүүрийг цэвэрлэнэ” гэлээ.
Хотын аж ахуйн нэгж, байгууллагууд нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр газрын эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриаллаа.
Цаг үе
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.
Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Цаг үе
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.
Баяр наадмын нээлтийн тасалбарыг өнөөдрөөс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.
Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна
Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.
Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй. Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.
Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан. Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.
Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.
-
Улстөр нийгэм2022/06/29
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн бат...
-
Шударга мэдээ2025/12/25
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
-
Улстөр нийгэм2021/05/18
Аж ахуйн нэгжүүд бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна
-
Улстөр нийгэм2024/06/07
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч бүртгэгдлээ
