Цаг үе
АН мөнгөөр, МАН зарчмаар өрсөлдөнө гэв үү?
Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьсан нь тус намын гишүүдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч тус намын дарга С.Эрдэнийн “Мөнгөгүй л бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй” гэсэн үзэл санааг намынхан нь хэдийнэ дэмжиж эхэлсэн бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дээрх хэмжээний мөнгө төлж сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн горилогчид цөөнгүй байгаа гэнэ.
Цаашлаад 100 саяыг төлчихөөд УИХ-д гарч чадахгүй бол АН-аас улс төрийн дэмжлэг үзүүлж нийслэл, орон нутгийн сонгуульд дэвших болон улс төрийн албан тушаалд томилох тохироо хийгдэж байгаа тухай “бор шувуу” улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ нисээд эхэлжээ.
Эндээс цагтаа эрх баригч намын 60 тэрбумын хэрэг буюу албан тушаал наймаалцах схем задарч олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үйл явдал өдгөө АН-д илүү өргөн цар хүрээтэй албан тушаалын наймаа өрнөх нь гэж хардаж болохоор байгаа юм.
Тэгвэл МАН-ын удирдлагууд яг үүний эсрэг шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлж эхэллээ.
Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намынхандаа УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэхдээ тэднээс ямар нэгэн дэнчин татаас авахгүй. Харин нэр дэвшигчдыг ёсзүйн шалгуур, холбогдох судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Хэрэв горилогчид хууль зөрчсөн хандив дэмжлэгийг бусдаас авбал сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулав.
Үүн дээр нэмээд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нам ялсан ч хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно” гэж мэдэгдэв.
МАН, АН ер нь аль ч намд хэн мөнгөтэй нь нэр дэвших эрхээ авдаг, явбал хэн илүү төлсөн нь албан тушаалд томилогддог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг нь нууц биш.
Хэрэв эрх баригч нам сонуульд зориулж, олон нийтийг хуураагүй л бол мөнгөгүй ч боловсролтой, зарчимтай залууст боломж олдоно гэсэн үг юм.
Тэгэхээр сонгуулийн шоу юу, үнэхээр МАН-ын удирдлагуудын барих зарчим нь байх уу гэдгийг харах л үлдлээ.
Т.Хэрлэн
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Цаг үе2023/08/21
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өр...
-
Цаг үе2023/02/09
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Улстөр нийгэм2021/12/17
УИХ: Хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
-
Шударга мэдээ2019/09/04
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын...
