Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Заг-Байдраг голын эхээр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 13-наас
2026 оны арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм нойтон цас, цас орж, 14-ны өдөр Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар, 16-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
-
Цаг үе2022/05/24
Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
-
Шударга мэдээ2026/05/13
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
-
Цаг үе2020/03/27
Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээл хахууль огцом өсөх магадлал...
-
Улстөр нийгэм2021/03/06
Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид очиж, эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй у...
