Шударга мэдээ
Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч байна
2024 оны зургаадугаар сарын 23-24-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 10 дуудлага бүртгэгдсэн байна.
2024 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB-2 амралтын газрын гармаас усанд боогдсон 80 иргэнийг автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт Туул гол үерлэн орсон хэсэгт 1240 тн шороогоор сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, Сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



Шударга мэдээ
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ.

НБОГ-ын газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.Сүхцоож “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар захирамж, холбогдох гурван яамны удирдамжийн дагуу дөрвөн байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байна” гэлээ.

НБОГ-ын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байна.
Өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус талбайд аж ахуйн нэгж шаврын ордын нөөцтэй, тоосго үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ашигт малтмал олборлож, элс хайрга угаах үйл ажиллагаа явуулж байв. Уг зөрчлийг бүртгэж, цааш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хүрээнд улсын байцаагчийн шаардлага тавьж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Экологийн цагдаагийн албаны байцаагч Б.Хосбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад камерын хяналт байгаа эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Налайх дүүргийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг “Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А172 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтран дүүргийн 3, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын лицензтэй талбай болон нийтийн эзэмшлийн талбайд ил цооног, нүх сүвийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Үзлэг шалгалтаар нийт 62 ил цооног, цөмрөлт илрүүлж, нүүрсний тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжид хамаарах талбайгаа аюулгүй болгох хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна” гэсэн юм.




Шударга мэдээ
Сургалтын санхүүжилтийг хуурамч тайлангаар завшсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагад “Нэр бүхий иргэд нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан их хэмжээний санхүүжилттэй сургалтуудад өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан хуурамч санхүүгийн тайлан гаргаж, санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх мэдээлэл бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шалгалтын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны сургалтын зориулалттай санхүүжилтээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа зарим аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд нь хуульд заасан тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай шууд гэрээ байгуулж, санхүүжилт олгосон нөхцөл байдал тогтоогдоод байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж ашиглах, эзэмших, шилжүүлэх, нуун далдлах, эсхүл хууль ёсны мэт харагдуулах аливаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүйгээр хамрагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
Шударга мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 01 дүгээр үүрэг даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ерөнхий байцаагчдын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль хамгаалах үүргийн хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хуульд заасан шаардлага хангаагүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй 2 зөрчил илэрч, уурхайн техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл, хууль бусаар ашигт малтмал хайсан 3 үйлдлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
-
Цаг үе2021/08/26
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Шударга мэдээ2021/01/04
Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна
-
Улстөр нийгэм2023/01/31
Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай...
-
Урлаг спорт2022/09/07
Телевизийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь нэн чухал болохыг онцлов
