Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар 28-33 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 01-нээс 2024 оны наймдугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 01-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-нээс нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Цаг үе
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулсан.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлөвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна. Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээннд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Цаг үе
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллах эхэлж байгаа.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Цаг үе
Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглагдаж буй зарим станцуудтай харьцуулахад бага байх юм.
Эргэлтэд буцламтгай үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрэхээр тооцоологджээ.
Түүнчлэн төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах эерэг тооцоолол гарсан.
Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байна.
