Улстөр нийгэм
Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдөлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ц.Баатархүү сайд төрийн 691 нээлттэй өгөгдлийг нийтэд ил болгох жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа.
Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм.
Төрд байгаа өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.
Мөн төрийн өгөгдөл нээлттэй болж эргэлтэд орсноор төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэж, төрийн шийдвэр гаргалт, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг.
Цаашдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрд байгаа их өгөгдлийг илүү нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Улстөр нийгэм
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.
Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.
Улстөр нийгэм
Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна
Усны тухай хуулиийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Тус оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 89 зөрчил дутагдлыг арилгуулан, 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулан ажилласан
Мөн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
-
Цаг үе2020/06/09
Их Петрийн гайхамшигт хотоор...
-
Улстөр нийгэм2021/07/26
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын спикерүүдэд талархал илэр...
-
Улстөр нийгэм2020/07/24
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо...
-
Цаг үе2025/02/04
Зудын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна