Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 15-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 16-наас 2024 оны аравдугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Цаг үе
Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүлэхийг завджээ
Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагаагаар их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.
2026 оны наймдугаар сарын 10-нд Стамбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетамин-ыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан талаар холбогдох байгууллагууд мэдээлэв.
Гаалийн хяналт, шалгалтын үеэр сэжигтэй ачааг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсны дараа хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.
Холбогдох байгууллагууд иргэдийг гадаад улсад зорчихдоо бусдын дайвар ачаа авахгүй байх, хувийн мэдээлэл, бичиг баримтаа бусдад ашиглуулахгүй байхыг анхааруулсан байна.
Ийм төрлийн үйлдэлд иргэд өөрсдөө мэдэлгүй татагдан орж, эрүүгийн хэрэгт холбогдох эрсдэлтэй тул ачаа тээш болон бичиг баримтдаа хянуур хандахыг сэрэмжлүүлжээ.
Цаг үе
1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.
Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Цаг үе
COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.
Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




