Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Огноо:

,

Монгол Улсын Их хурлын 2024 оны арванхоёрдугаар сарын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнх-Соёл танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав.

Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.

“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж болно, тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнийг үндэсний аудиттай адилтгаад олон улсын аудитын байгууллагаар хийлгэх заалтыг давхцаж байна гээд хассан байна. Төрийн өмчит компаниудын реформыг хийхэд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар хийлгэх нь чухал ач холбогдолтой. Мөн Тиймээс энэ заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Түүний дараа 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.  Эхлээд Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал бүрийг хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайныг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө гэсэн найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс  “Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэснийг хасах гэсэн саналыг дэмжихгүй байр суурийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Тэрбээр, 122 төрийн өмчийн компани ажиллаж байна. Олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлэх заалтыг хасаж байгааг дэмжихгүй байна. Нэн ялангуяа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад олон улсын аудит оруулж, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн анхны төслөөр нь буюу олон улсын аудитын байгууллагаар аудит оруулж болно гэсэн заалтыг хэвээр үлдээхийг хүсэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, дээрх заалт хуульд байсан эсэхээс үл хамааран олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар аудит хийлгэдэг. Олон улсын аудит өндөр үнэлгээтэй, үндэсний аудитын байгууллага шиг төсвийн дотоод асуудалд аудит хийдэггүй.

Тиймээс олон улсын ямар аудитын байгууллагаар аль төрийн өмчит компанийг шалгуулах гэж байгаагаа тодорхойлж, төсөвт хөрөнгөө оруулж ирэх ёстой учраас заавал хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн, дэмжээгүй байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхсайхан, С.Зулпхар нар хууль болон тогтоолын төслүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ийнхүү хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулийн төслүүдийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан байна. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан талаар Төсвийн байнгын хорооны дарга танилцууллаа.  

Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээн авсан бөгөөд цаг хугацаа тулсан энэ өдрүүдэд төсвийн хэлэлцүүлгийг аль болох үр дүнтэй явуулахад бүхий л талаар анхааран ажиллаж байна. Гэвч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байсаар байгааг дурдахаас аргагүй байна гээд, 2025 оны төсвийн төсөлд нийт зардлыг анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгөөр бууруулан, тэнцлийг алдагдалгүй болгож өргөн барьсан хэдий ч төсөв хэт өндөр зардалтай, учраас түүнийг дагаад төр үрэлгэн, нүсэр бүтэцтэй хэвээр байна гэдгийг онцолж байв. 

Түүний дараа Төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.

Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.

Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.

Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг  тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу  явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Огноо:

,

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Вилла Борсиг” цогцолборт албан ёсоор угтан авлаа.

Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.

Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.

Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Огноо:

,

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.

Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд  41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ. 

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв. 

Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ. 

Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм10 цаг 10 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе10 цаг 16 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе10 цаг 21 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Улстөр нийгэм10 цаг 27 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Урлаг спорт10 цаг 31 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улстөр нийгэм2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Шударга мэдээ2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Цаг үе2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Цаг үе2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Цаг үе2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Санал болгох