Шударга мэдээ
Шинэ жилийн баярын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана
Шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20:00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороод, дэргэдэх хэлтэс албадад ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм.
Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж, байгууллага, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, ХҮТ-5, ХҮТ-8 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34, 74 дүгээр ангиуд гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа.
Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгаж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, дүүргийн Шуурхай штабын 70070117 дугааруудад мэдээлэл хүргэж ажиллана гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Шударга мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Нэгдүгээр тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 км урттай 8-10 эгнээ үргэлжилнэ. Уг төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол, журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаар “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 257 дугаар тогтоолыг үндэслэн тус санхүүжилтийг гаргах аж.

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад талуудын хамтын ажиллагаа чиглэх юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой.
“Нэгдүгээр тойрог зам” төслөөр 24.8 км авто замаас гадна 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел зэргийг барина. Энэ онд бэлтгэл үе шат хийгдэж, 2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 3-нд төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө. Тус авто зам ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэлийг 20-25 хувиар бууруулахаар тооцжээ.


Шударга мэдээ
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барина. Мөн Энхтайваны гүүрний хажуугаар шинэ гүүр барихаар төлөвлөөд байна. Депог 10 га газарт төлөвлөсөн. Бид ховилтой төмөр замыг сонгосон, зүлгэн хучилттай замыг Яармагийн трассынхаа гол замаар сонгосон. Тус төсөл нь түгжрэл болон агаар орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй” гэлээ.

