Цаг үе
Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77.233 малчин хоршоонд гишүүнээр элсчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.
Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.
Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.
Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм.
Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсчээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ.
Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Цаг үе
АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
АТГ-аас мэдээлснээр, Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа аж. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн түүний хөрөнгө, орлого 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл, 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны эх үүсвэртэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэж АТГ мэдээлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж, гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөлийг тогтоосон гэжээ.
Мөн хэрэгт холбогдуулан 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авснаас гадна санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.
Цаг үе
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах Намгийн сувгийг цэвэрлэж, суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ. Геодези, усны барилга байгууламжийн газар нийслэлийн хэмжээнд 165.7 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалтыг хариуцан ажилладаг. 2026 оны байдлаар 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2026” тэмцээн боллоо. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.
- Уралдааны робот
- Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
- Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
- Lego шугам дагадаг /6-10-р анги/
- Тулааны робот
- Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
- Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
- Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
- Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
- Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
- Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
- Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
- Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
- Даалгавар гүйцэтгэх робот
- Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
- Дроны төрөл /радио удирдлагатай/
- Дроны төрөл /автомат/

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
