Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд ихэнх нутгаар дулаан, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сары 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Цаг үе
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Цаг үе
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
Цаг үе
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.

Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:
- Агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх;
- Агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллах;
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах;
- Мэргэжилтэн солилцох болон сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээг хийх юм.
Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2019/08/08
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
-
Шударга мэдээ2025/10/14
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргий...
-
Цаг үе2022/02/09
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Урлаг спорт2021/04/12
Хүндийг өргөлтийн тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
