Урлаг спорт
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.

Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.
Урлаг спорт
Чингис хаан үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай өчигдөр албан уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа.
Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.
Урлаг спорт
Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэллээ
Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Коринне Маух, Ритбергийн музейн захирал Aннетт Бхагват болон бусад төлөөлөл 200 гаруй үзэгчид оролцлоо.

Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.
Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх 1-14 зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал,үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “ Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлон хэллээ. Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд бидэнтэй үргэлж хамтран ажилладагт талархлаа илэрхийлье гэв.
Чингис хаан Үндэсний музей нь энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан авчирч Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэв.


Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Урлаг спорт
“Бахрейн 2025”: Монголын муайтай спортын тамирчин М.Бямбацогт хүрэл медаль хүртлээ
Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.
Түүний жинд 19 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Палестин, Туркменистаны тамирчдыг ялж, улмаар мөнгөн медаль хүртсэн Камбожийн тамирчин Чонг Висалд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг Узбекистаны тамирчин Нурхужаев Мукаффар хүртсэн байна.
Монгол Улсаа төлөөлөн муайтай спортын төрөлд тамирчин М. Бямбацогт, Ч.Есүй, М. Энх-Учрал, Б. Бадам, С. Бямбажав нарын таван тамирчин дасгалжуулагч багш Э. Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлага дор амжилттай оролцож ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.
