Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл өнөөдөр дуусна

Огноо:

,

Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Өнөөдрийн байдлаар 17,744 хүн гүйхээр бүртгүүлээд байна. “Улаанбаатар марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Энэ төрөлд нийт 2951 хүн гүйхээр бүртгүүлжээ. Эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2369 хүн бүртгүүлсэн байна.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 1930 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд энэ төрөлд 280 хүн бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

  • Спортын төв ордон (1 давхарт)
  • Сүхбаатарын талбай (том асар)
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг)

21 км болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг өнөөдрөөс Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн бол маргаашаас Сүхбаатарын талбай дахь цэг дээр мөн олгож эхлэх юм байна.

Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1,5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ

Огноо:

,

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно

Огноо:

,

АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.

Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.

Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.

Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.

Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.

Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох