Цаг үе
Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
Төрийн банкны Бизнес инкубатор төв МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, технологи, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад нийслэл, орон нутгийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Чуулга уулзалтын эхний илтгэлийг “Ember cyber service“ ХХК-ийн ерөнхий захирал, Доктор (Ph.D) Б.Жавзандорж танилцууллаа. Тэрээр “Бизнесийн орчин дахь хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хиймэл оюуныг ажил, бизнестээ ашиглах боломжийн талаар танилцуулсан нь онцлог байв. Өгөгдөлд суурилсан хиймэл оюуны технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдал нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсныг тэрбээр хэлж байсан.
Харин “Urgana” брэндийн үүсгэн байгуулагч “Юргана индастри“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам уламжлал-технологийн ололт амжилтаас төрсөн “Urgana” брэндийнхээ түүхэн замнал, брэнд бүтээсэн туршлагаас хуваалцав.
Арга хэмжээний төгсгөлд “Science cafe” хэмээх нэрээр олонд танигдсан “Сапиожен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Анар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэ санааг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх арга туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чуулганд оролцогч эмэгтэйчүүдэд шийдэл санал болгосон хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг байв.
Энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь Төрийн банк, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн хамтран зохион байгуулсан “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхацсанаараа мөн онцлог байлаа.
Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн гурав дахь хөтөлбөр болох “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бойжуулах хөтөлбөрт 30 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, тэд чуулга уулзалтын үеэр сертификатаа гардаж авсан.
Төрийн банкны Бизнес инкубатор төвийн хувьд, тогтвортой, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Өнгөрсөн онд гэхэд, Бизнес инкубатор төвийн сургалтад 32,500 гаруй бизнес эрхлэгч хамрагдсанаас 30 орчим хувь нь бойжуулах хөтөлбөрт хамрагдаад байна.
Мөн СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж, 10 цахим хичээл бэлтгэн, банкны веб сайтад байршуулаад байна. Хэрэв та хичээлүүдийг үзэх бол энд дарна уу.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Цаг үе
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Цаг үе
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
-
Цаг үе2021/06/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/03/31
Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!
-
Улстөр нийгэм2021/09/30
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл ө...
-
Шударга мэдээ2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
