Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 07-ноос 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
07-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын сав газар, Дорнодын тал нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1.337 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 815 хэрэг шинээр нээж, 212 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 2, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 37, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 87, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Хүүхдийн эсрэг 1, Эрүүл мэндийн эсрэг 1, Эдийн засгийн 1 гэмт хэрэг тус тус байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
- Нийслэлийн прокурорын газраас төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байсан Г.М нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 (нотлох баримтыг устгасан), мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтан Д.О нь газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 (нийтийн албан тушаалтан хахууль авах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан иргэн Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Т.Н-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж, гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (хууль сахиулагчийг эсэргүүцэх), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 2 (Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах),
- Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Д.Х-д хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих),
-Ж.А, О.М нар нь бүлэглэн Сири Улсын болон Монгол Улсын иргэдийн тээврийн хэрэгслийг зогсоон, хохирогчдод хутга тулган хүч хэрэглэж хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Б.А нь насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хүн худалдаалах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-гийн цээж хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 (хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Цаг үе
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь зөвхөн байгалийн аюул бус, хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж байгаа юм.
2025 оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 хүн усанд осолдож амиа алдсан. Эдгээрээс 14 нь насанд хүрээгүй хүүхэд байв. Цаашид анхаарал, хяналт сул байвал энэ тоо нэмэгдэх эрсдэлтэй.
Усны ослын ихэнх шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй хандлага, хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо орхисон, мөн усны аюулын талаарх ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой байгаа юм.
Аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа ч сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, гэнэт их хэмжээний хур бороо орж байгаатай холбоотойгоор гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюул нүүрлэх нөхцөл үүсээд байна.
Иймд иргэд Та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг заавал харах, гол, горхины усны түвшин борооны улмаас хормын дотор нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч тооцоолох, бага насны хүүхдийг усны ойролцоо тоглуулах, хараа хяналтгүй орхихыг хатуу хориглох шаардлагатай.
Мөн автомашинаар гол гатлах, түргэн урсгалтай ус руу орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, голын эргээр зугаалах нь амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүй.
Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь иргэн таны үүрэг юм.
Сэрэмжтэй байж, аюулаас урьдчилан сэргийлье!
Цаг үе
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Германы олон улсын хамтын ажиллагааны "Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн нэгжийнхэнтэй уулзаж, угсармал орон сууцны дулаалгад зарцуулах буцалтгүй тусламжийн талаар санал солилцлоо.
Хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах байгууллагаас 2025 онд олгох 4.4 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээг өнгөрсөн долоодугаарсард байгуулснаар, санхүүжилт шийдэгдэж, байрууд дулаалах дараагийн үе шат эхэллээ.
Уг төслийн хүрээнд дулаалах байруудыг метал сайдан төмөр гадаргуутай, нягт өндөртөй эрдэс хөвөнгөөр дулаална. Төслийн хүрээнд дулаалгын тендерийг зарлаад байгаа юм.
-
Үзэл бодол2020/09/04
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд...
-
Цаг үе2022/05/24
Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
-
Цаг үе2023/12/25
Хил дагуух аймаг, сумдын боомтоор гурил, тэжээл, бензин шатахуун нийлүүлэх болом...
-
Улстөр нийгэм2025/03/11
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа