Урлаг спорт
Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид таван алтан медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймгийн төв дэх “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 33 орны 300 орчим баг тамирчид оролцлоо. Монгол Улсаас 66, Оросын Холбооны Улсаас 60, Бүгд Найрамдах Киргиз Улсаас 34 тамирчин ирж, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдов.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОХУ, дэд байрт Киргиз Улс, гутгаар байрт Монгол Улсын баг жагслаа. Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, нийт 51 медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Үүнээс, өсвөр үеийн насны ангилалд 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл нийт 18 медаль хүртэв.
Хүндэт зочноор ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч А.К.Акимов, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын “Ил Тумэн” их хурлын дарга А.И. Еремеев, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын Биеийн тамир, спортын сайд Л.Н.Спиридонов, олимп, дэлхийн аварга П.П.Пинигин зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, албаныхан, тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Засгийн газраас шагнаж урамшууллаа. ССАЖЗЯ-ны жуух бичиг – Л.Н. Спиридонов, П.П. Пинигин, Олон улсын Мас-рестлингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Ю. Григории нар,
Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг – Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Г. Нэргүй, Монголын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн, дэлхийн аварга тамирчин Х. Мөнхтуяа нар шагнуулав. Дээрх шагналыг ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардуулан өглөө.

Уг тэмцээний үеэр “Хүннү хаан” театрчилсан урлагийн тоглолт, “АРА” урлагийн фестиваль, тоглолтыг зохион байгуулан, үндэсний соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа гадаадын зочид, төлөөлөгч нарт танилцуулснаар соёл, спорт, аялал жуулчлалын нэгдмэл бүтээгдэхүүн болгож чадсан юм.
Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар (Засаг дарга Б. Цэрэннадмид), Монголын Мас-рестлингийн спортын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2020/01/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Цаг үе2025/12/08
“Шунхлай-3” бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Цаг үе2024/12/31
Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо
-
Цаг үе2021/08/06
Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
