Шударга мэдээ
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг есөн дүүрэг, инженерийн хангамж, авто зам, боловсрол, эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзаж, тухайн байгууллагын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудалтай нэг бүрчлэн танилцлаа.
Уулзалтаар энэ өвөл хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны гадна шугам сүлжээ, бохир усны насос станцын шинэчлэх зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэх, газар чөлөөлөлт, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор удааширч буй ажлыг эрчимжүүлэх хуваарьт уулзалтуудыг товлож, ажлын уялдааг хангаж ажиллахаар болов.
Шударга мэдээ
Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.
Ийнхүү өнөөдөр цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X маркийн 10 машиныг хүлээн авлаа.
Техникийн үзүүлэлтийн тухайд өвөлдөө цас шүүрдэх, давс, бодис цацах зориулалттай бол дулааны улиралд хог тээврийн зориулалтаар ашиглах боломжтой. Нэг ээлждээ тасралтгүй 8-20 цаг хүртэл ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Мөн шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түүнчлэн түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.
Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэгдсэн 170 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм.
Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.
Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.
Шударга мэдээ
БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол нэгдэл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл Монгол-Солонгосын "Чухал эрдэс ба уул уурхайн форум"-д оролцож байна.
Форумын үеэр олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. БНСУ-ын Засгийн газрын төлөөллүүд оролцож Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол улс Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай хамтарч ажиллахаар боллоо.
Уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрахаар боллоо.
• Samsung групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа.
• Чонбук Үндэсний их сургуульд 500 монгол оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэнэ.
• KIGAM хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллана.
• Korea Investment & Securities (Asia) компанитай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татна.
• Монгол улсад ажилласан туршлагатай KOMIR корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлнэ.
Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудаас хөрөнгө оруулалт татах, шинэ гарц нээх талаар онцлон анхаарч байна. Энэхүү форумыг БНСУ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байгаагаар онцлог юм гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна
Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй. Тийм учраас хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж буй. Мөн аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр баталж Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчилнэ. УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн. Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Тус төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.
Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Харин хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал,
- Ухмал байгуулах ажил 98.7 хувь,
- Далан байгуулах ажил 91.6 хувь,
- Дам нуруут гүүр 76 хувь,
- Дугуй хоолойн ажил 75.4 хувь,
- Хучилтын ажил 44.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.
-
Улстөр нийгэм2020/06/02
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ
-
Урлаг спорт2025/05/01
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд б...
-
Цаг үе2023/02/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Урлаг спорт2019/11/06
Дуучин Н. Ундралын шинэ уран бүтээл “Дурлаарай” дууны клип цацагдлаа...