Улстөр нийгэм
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болголоо. Энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх, олон нийтэд хүрч ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой юм.
“108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяанд ажиллуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгав.
Ингэснээр дуудлага мэдээлэл хүлээн авах шугам бүрэн хэмжээнд ажиллах, хүүхэд хамгааллын шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, илрүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах ажлын хүртээмж, чанар сайжирна гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
