Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Огноо:

,

Б.Төртогтох нийслэлийн Аддиктлогийн төв эмнэлэгт сэтгэл засалч, донтох эмгэг судлаачаар ажилладаг. Сэтгэл засалчаар ажиллах сонирхолдоо хөтлөгдөж ажиллаж яваа мэргэжилтнүүдийн нэг.

Тэрбээр архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өгч байна.   

Донтох эмгэг тэр дундаа архинд донтох эмгэг нь манай улсад тулгамдаж байгаа асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь архинд донтсон хүмүүс гэхээр гудамжинд гарсан хүмүүсийг л ойлгож байв. Яг үнэндээ ах дүү нарын дунд ажил хамт олны дунд ч заавал нэг архины хамааралтай, хүмүүсийн хэлдгээр архичин хүмүүс байна шүү дээ.

Гол нь тэр хүн өөрөө ч архины асуудалтай гэдгээ мэддэггүй, бусад нь яахав хааяа л уудаг юм гэж хаацайлдаг, нуудаг байдалтай явж ирсэн. Тохируулаад уучихна, өөрөө уухаа больчихно гэж ярьж байгаа ч ингэж ярьж байгаа нь энэ нь үгүйсгэх л арга юм.

Ямар хүмүүс архинаас гардаг гээч: Энэ бол тухайн хувь хүний сэтгэл санаа, ухамсартай холбоотой зүйл. Ажиглалтаас үзэхэд, архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээнд хамрагдаад гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс л архинаас гарч чаддаг. Нөгөө талаас үүнд хамт олон, нийгмийн оролцоо маш чухал. Ганцхан эмч нар л ид шидээр шийдчихдэг зүйл биш.

Ярилцаад үзэхээр ихэнх архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг. Нээлттэй ярилцалгүй хав дарж түүнийгээ архиар тайлсаар сүүлдээ дадал зуршил болоод хувирчихдаг. Яваандаа архины хамааралтай болж байна.

Архитай холбоотой хэд хэдэн ташаа ойлголт байгааг залруулж хэлье: Хүмүүс монгол архи донтуулагчтай, гадаад архи гайгүй гэж ярьж байхыг сонссон. Энэ бол маш буруу ойлголт шүү. Ямар ч төрлийн архинд ордог этилийн спирт нь өөрөө донтуулагч гэдгийг ойлгох нь чухал байна.

Уудаг хүмүүс архинаас гэнэт гарчихвал үхчихнэ гэж гэж ярьдаг. Үүн шиг худлаа зүйл үгүй. Энэ бол архины хамааралтай хүмүүсийн үгүйсгэл буюу өвчний шинж тэмдэг байдаг. Тэр тусмаа л мэргэжлийн байгууллагад хандах ёстой.

Би яадгаа алдсан архичин биш, хааяа л уудаг гэдэг юм. Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн байдаг.

Сайн тал нь архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төвд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Зарим нь чин сэтгэлээсээ архинаасаа гарна гээд ухамсарлаж шийдээд ирдэг. Ар гэр, найз нөхдийн шахалтаар ирдэг нь ч бий.

Дээрх шинж тэмдгүүд танд байнга болон ойр ойрхон давтамжтай илэрч байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллагад хандаарай. 

Эх сурвалж: Аддиктологийн төв

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ үеэр онцолсон.

Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.

Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенц болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн төслийн хамт дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох