Цаг үе
Ардын Засгийн газраас бильярд тоглохыг хориглож байжээ
Ардчиллын салхиар тээгдэж ирсэн зүйлсийн нэг билльярд хэмээх тоглоомыг Монголчууд 1920-оод онд шимтэн тоглож байсан гэвэл та итгэх үү?
Тэгвэл ардын хувьсгалын дараахан буюу 1921-1923 онд хүрээнийхэн билльярдад донтож, сүүлдээ бүр мөрийтэй тоглон үймээн дэгдээх болсонд аргаа барсан Ардын Засгийн газар билльярд тоглохыг хатуу хориглосон хууль цаазын бичиг хүртэл гаргаж байжээ. Энэхүү цаазын бичгийг эсэргүүцэн, билльярд тоглох эрхийг дахин сэргээж өгөхийг хүссэн хэсэг ардын өргөх бичиг эдүгээ Улсын төв архивт хадгалагдаж байна.
Тус өргөх бичиг нь 1924 онд бичигдсэн бөгөөд түүнд дурдсан нь: “Эдүгээ Нийслэл Хүрээний газар бүхий зочид буух газар бэлтгэсэн билльярд хэмээх бөмбөгөн наадмыг цагдан сэргийлэх газраас мөрийтэй наадам хэмээн энэ өнгөрсөн аргын арван хоёр сард зогсоосон байнам. Энэхүү бөмбөг харвах наадам бусад хонжих, хохируулах наадам лугаа огт адил бус харин хүн төрөлхтөний бие махбодийн тамир хүчнийг сайжруулах зэргийн тустай наадам хэмээн олон улсад үл цаазлагдсан наадам болох учрыг сонсгохоос гадна хэрвээ энэхүү наадмыг хувиар цаазлан зогсоох аваас өчүүхэн бид бүгд алба, амины аж явдал гүйцэтгэсэний дараа завсар уйтгар сэргээх газаргүй болох учрыг гаргаж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд танаа өргөн мэдүүлээд, байдал учрыг байцаан толилж, хэл мэдүүлсэн зүйлийг ёсоор болгон өршөөхийг гуйж үүний тул өргөв. Нэгэн мянга есөн зуун хорин дөрөвдүгээр оны январь сарын таван” гэжээ.
Үүнээс үзэхэд билльярд хэмээх спорт нь Монголчуудын хувьд шинээр орж ирсэн спортын нэг төрөл бус харин ч манай ард түмний эл спортын талаарх төсөөлөл багаар бодоход 80-аад жилийн өмнөөс эхтэй ажээ. Мөн уг бичгийн төгсгөл дэх огноо бичсэн байдал нь Монгол албан бичгийн огнооны төлөвшилтийн талаарх сонин баримт юм.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Цаг үе2022/01/19
ЭМЯ: Монос, Нахиа, Энхийн шүүдэр, IVCO эмийн үйлдвэрүүдэд ажиллалаа
-
Улстөр нийгэм2021/06/28
ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИ...
-
Үзэл бодол2021/05/06
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, АН-ыг хуваасан хаг...
-
Цаг үе2021/08/26
Монгол Улс, АНУ хооронд байгуулагдсан Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн я...
