Цаг үе
Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ. 1914 онд Богд хаант Монгол Улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа ажлын айлчлал хийх үедээ Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ.
Харин Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий. Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гэгчийг дуулаа ч үгүй явжээ.
Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхэжсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна. Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсөж, Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.
Цаг үе
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Цаг үе
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.
Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн.
Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.
Цаг үе
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ
Өнөөдөр өглөө Энхтайваны гүүр орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Энхтайваны гүүрнээс автомашинтайгаа унасан нь тогтоогджээ. Жолоочийн согтолтын хэмжээ 1.38 промилль байсан талаар мэдээлсэн байна.
Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн жолоочийн төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ согтуугаар жолоо барихгүй байхыг сануул
- Такси, нийтийн тээвэр эсвэл жолоо барих боломжтой хүнийг сонго
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаал
Нэг буруу шийдвэр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хэмжигдэх нөхөж баршгүй хохирол дагуулдаг. Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцъё.
-
Шударга мэдээ2021/02/17
Сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг хийх бэлтгэлээ хангана
-
Улстөр нийгэм2026/01/30
Аймгийн төвүүдийн агаарын чанарын нэгдсэн платформ www.agaar.gov.mn ажиллаж байн...
-
Улстөр нийгэм2020/12/30
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.30/
-
Цаг үе2021/12/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
