Цаг үе
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14685 өрх,
- Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12229 өрх,
- Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, 7 дугаар хорооны 8483 өрх,
- Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13655 өрх,
- Сүхбаатар дүүргийн 12, 13, 2 дугаар хорооны 2028 өрх, нийт 51080 өрхийг хийн халаалтад шилжүүлэх юм.
Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна. Халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900 мянган төгрөгийн үнийн урамшуулал олгоно. Тус үнийн урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцно.
Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд өөрийн харьяа хороонд хандан асуумжийн хуудсыг бөглөж, хүсэлтээ гарган бүртгүүлээрэй. Иргэдийн идэвхтэй оролцоо нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэрийг эх оронд нь буцаана
Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах хоёр ховор бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Эдгээр үнэт эх сурвалжийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Монгол судлалын чиглэлээр олон жил судалгаа хийж, эх бичвэрүүдийн гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжжээ.
Буцаан шилжүүлсэн эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх лам Түмэдийн ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 оны орчимд орчуулагдсан байх магадлалтай байна. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн монгол бичгээрх Гэсэрийн тууль-ын ховор эх юм. Уг хэвлэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад өндөр үнэ цэнтэй эх сурвалжид тооцогдож байна.
Эдгээр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнст-ийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан аж. Олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байгаа нь Монголын бичгийн болон соёлын өвийг хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.
Мөн энэ нь Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг албаныхан онцолсон байна.
Цаг үе
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2026 оны дөрөвдүгээр сарын 06-наас 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Хур тунадас: 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Цаг үе
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөөр байна. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нэг болон хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд Хоёрдугаар тойрог зам нь 21.6 км урттай, хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай шууд холбох юм.
Тодруулбал, тус төслийн баруун маршрут нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн.
БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. "Хоёрдугаар тойрог зам" төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй оршин суугчийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Тус судалгаагаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулах тооцоо гарсан бөгөөд хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар буурах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурах үзүүлэлт гарчээ.
Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, нийтийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
-
Цаг үе2021/09/08
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Шударга мэдээ2025/11/24
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуу...
-
Улстөр нийгэм2024/02/14
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр аш...
-
Улстөр нийгэм2020/02/18
У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуулах ёстой
