Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна. Зөвхөн УИХ хууль батлах эрхтэй тул татварын хуульд өөрчлөлт оруулна. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэх өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд энэ шийдвэрийг өөрчлөлт хүлээлгүй гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилээ дүгнээд, төсвийн тодотголтой цуг татварын хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм.
Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна. Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ.
Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа дэвшүүлж батлуулсан хувийн хэвшил, иргэндээ итгэж, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгаа эхний шийдвэрээсээ хэрэгжүүлж эхэллээ.
Улстөр нийгэм
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Цаг үе2022/09/27
Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо
-
Цаг үе2022/11/25
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
-
Шударга мэдээ2020/03/09
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүллээ
-
Улстөр нийгэм2024/12/23
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Ж...
