Цаг үе
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина.
ДЦС-2 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг өнөөдрөөс зөөж эхэллээ.

ДЦС-5-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авч, зам талбайгаа бэлдэнэ” гэв.
Тус төсөл нь хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан, ургамал зэрэг байгаль орчинд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолж, экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглах юм. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Улстөр нийгэм2024/04/12
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардла...
-
Шударга мэдээ2022/04/07
Дэлхийн хаана ч “Миний Монгол” олон улсын виза карттайгаа...
-
Улстөр нийгэм2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хө...
-
Улстөр нийгэм2019/11/22
Ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээг соёрхон батлав
