Улстөр нийгэм
Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авч ирнэ
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан мэдэгдлээ хүргүүлсэн байна. Дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа. Энэ бол зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа үйл ажиллагаа биш. Өнөөдөр өглөө Австралийн Засгийн газраас хүсэлтээ илэрхийлсний дагуу Монгол Улсад суугаа 6 иргэнээ татаж авах ажиллагаа хийгдлээ. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдээ татаж авах ажиллагаа явагдана. Ойролцоогоор 200 орчим Солонгос иргэн нутаг буцна. Харин манай улсын хувьд Сөүл, Токио руу дахин нислэг хийж, нийт 750 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Ирэх сарын 02, 04-нд Сөүл, 03-нд Токиогоос иргэдээ эх орондоо авчирна. Гурван удаагийн тусгай нислэгээр ирж байгаа иргэдийн хувьд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө. Мөн тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө. Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ. Монгол Улсаас Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдлээ үүрэх ёстой” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Сөүлээс ирэхээр 800 орчим хүн бичгээр хандсан. Тиймээс энэ удаад ирэх хоёр тусгай нислэгт эдгээр иргэдээс ирнэ. Шинжилгээг тухайн улсдаа хэрхэн өгөх талаар Элчин сайдын яамнаас өнөөдрөөс чиглэл өгч хамгийн боломжит хэлбэрээр, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулах талаар иргэдэд тухай бүрт мэдээлэл өгнө” хэмээлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: “Гурван удаагийн тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хоёр байцаагч дагалдан явж, онгоцны буудал дээр болон онгоцонд иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, асуумж авах ажлыг зохион байгуулна. Эдгээр байцаагч нь эмч мэргэжилтэй. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах тул иргэд тэдний зааврын дагуу тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Зорчигчдод өгөх асуумж нь эрүүл мэндийн 20 асуулттай ба үүнээс 14 төрлийн шинж тэмдгийг зорчигч заавал бичих ёстой. Үнэн зөв бичихгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан байгаа. Сүүлийн 10 хоногт явсан газрууд болон хаагуур дамжиж ирж байгаагаа заавал бичнэ. Дэлгэрэнгүй бичнэ. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй, суудалдаа сууж, амны хаалтаа зүүх ёстой. Онгоцонд суухад амны хаалт тарааж өгнө. Тодорхой хугацааны дараа амны хаалтаа солино. Сольсон маскаа хаа хамаагүй хаяхгүй. Онгоцны үйлчлэгч тусгай саванд хүлээж авна. Халуун бууруулах эм хэрэглэх шаардлагагүй. Эрсдэлтэй байгаагаа эртхэн мэдэгдсэнээр эмчлэн тусгаарлах байр руу явж, эмчлүүлэх ба энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг. Энгийн нислэг биш учраас онгоц газардахад бүх хүн босоод, үймж болохгүй. Бүх хүний нэрийг дуудах тул нэр дуудахад л босож, заасан хаалгаар гарна. Ингэснээр тухайн иргэнийг тусгаарлан эмчлүүлэх үү, тусгаарлан ажиглуулах уу гэдгийг шийднэ. Цаашлаад бусдад болон өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхад тустай юм” хэмээн анхаарууллаа.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: “Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршуулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Улстөр нийгэм
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
-
Улстөр нийгэм2021/03/05
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүр...
-
Цаг үе2019/11/04
Хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2019/10/28
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2020/12/09
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
