Улстөр нийгэм
“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, хөгжлийг дэмжих хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлж байна. Тус төслийн нээлт өнөөдөр /2025.05.24/ Дархан хотод болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, сумын Засаг дарга нар, хоршоодын гишүүд, малчдын төлөөлөл оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал төслийг нээж хэлсэн үгэндээ, ХХААХҮЯ-наас санаачлан өрнүүлж буй “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж ажиллана. Нутагтаа эзэн төслийн гараа болж энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган га-д ногоон тэжээл тариална. Энэ ажилд Засаг дарга нар онцгой анхаарч, манлайлан ажиллахыг үүрэг болгов.

Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас төсөл хэрэгжих сумдад гурван төрлийн тэжээлийн таримлын үр олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, судан өвсний үр 870 кг-ыг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрд 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байна.
Төслийн эхний шат Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжих бөгөөд баг тус бүр 100 га-д ногоон тэжээл тариална.

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, салхи шуурганы улмаас манай улсад бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Тиймээс Монгол Улсын 1626 багаас 1071-д нь ногоон тэжээл тариалах шаардлагатай тул дараа, дараагийн шатанд бусад сумыг үе шаттай хамруулахаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбай байдаг, энэ талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ зах зээлд борлуулах боломжтой.
Монгол оронд сүүлийн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж, ган, зудаас болж малгүй болсон 730 орчим мянган хүн хот суурин руу шилжсэн байна.
Төсөл хэрэгжих байршил
| № | Аймаг | Сум | Талбайн хэмжээ, га |
| 1 | Дорнод | Булган | 100 |
| 2 | Цагаан-Овоо | 100 | |
| 3 | Чойбалсан | 100 | |
| 4 | Хэнтий | Баян-Овоо | 100 |
| 5 | Баянхутаг | 100 | |
| 6 | Өмнөдэлгэр | 100 | |
| 7 | Сүхбаатар | Уулбаян | 100 |
| 8 | Мөнххаан | 100 | |
| 9 | Эрдэнэцагаан | 100 | |
| 10 | Дорноговь | Даланжаргалан | 100 |
| 11 | Говь-Сүмбэр | Сүмбэр | 100 |
| 12 | Дундговь | Эрдэнэдалай | 50 |
| 13 | Сайхан-Овоо | 50 | |
| 14 | Өмнөговь | Ханхонгор | 100 |
| 15 | Өвөрхангай | Уянга | 45 |
| 16 | Есөнзүйл | 55 | |
| 17 | Баянхонгор | Жаргалант | 100 |
| 18 | Говь-Алтай | Дэлгэр | 100 |
| 19 | Ховд | Эрдэнэбүрэн | 100 |
| 20 | Баян-Өлгий | Толбо | 100 |
| 21 | Завхан | Түдэвтэй | 100 |
| 22 | Хөвсгөл | Их-Уул | 100 |
| 23 | Булган | Гурванбулаг | 100 |
| 24 | Архангай | Цэнхэр | 100 |
| 25 | Төв | Баян-Өнжүүл | 100 |
| Нийт | 2,300 | ||









Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
