Цаг үе
Богд хааны заан
Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924) сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр авч цуглуулдаг нэгэн байжээ. Түүний цуглуулгад автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас,болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад, янз бүрийн цаг байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Богд Жавзандамба хааны цуглуулгын хамгийн сонирхолтой нь 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр 22 мянган рублиэр худалдан авсан нэгэн бага биетэй бор заан юм.
Тэрхүү зааныг 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо авчирсан аж. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээр гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авч ирж Богд хаанд өргөжээ. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу, хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүнгүй шахам болж, 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.
Цаг үе
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг үе
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
- Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.
- Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
- Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
- СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар
- Есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48000 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангаж ажиллана.
- Нийслэлийн зургаан дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийнэ.
- Үерийн хамгаалалтын сувгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын сувгийг Туул гол руу холбох, ХУД-ийн 12 дугаар хороо Нисэхийн сувгийг автозамын ус гаргуурт холбох, автозамын ус гаргуурыг өргөтгөн шинэчлэх, Жаргалантын амны үерийн сувгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг нийт гурван байршилд 1.1 км үерийн суваг барихаар төлөвлөсөн байна.
- СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын 22 метр өргөн үерийн суваг авто зам өнгөрөөд задгайрч, лаг хагшаасаар дүүрч дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг барьж, Туул гол руу холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.
2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.






