Шударга мэдээ
Сургалтын санхүүжилтийг хуурамч тайлангаар завшсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагад “Нэр бүхий иргэд нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан их хэмжээний санхүүжилттэй сургалтуудад өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан хуурамч санхүүгийн тайлан гаргаж, санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх мэдээлэл бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шалгалтын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны сургалтын зориулалттай санхүүжилтээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа зарим аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд нь хуульд заасан тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай шууд гэрээ байгуулж, санхүүжилт олгосон нөхцөл байдал тогтоогдоод байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж ашиглах, эзэмших, шилжүүлэх, нуун далдлах, эсхүл хууль ёсны мэт харагдуулах аливаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүйгээр хамрагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
Шударга мэдээ
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
-
Улстөр нийгэм2020/09/11
Азийн хөгжлийн банкны төслийн удирдагчтай цахим уулзалт хийлээ
-
Цаг үе2024/08/08
Хэрлэн гол үерийн болон аюултай түвшинг даван үерлэж байна
-
Улстөр нийгэм2025/06/13
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
-
Цаг үе2020/04/24
БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ
