Цаг үе
COP17 бага хурлын үеэр ажиллах 600 сайн дурын ажилтныг бэлтгэж байна
Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр ажиллах 600 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулж, сургалтад хамруулж байна.
Сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтээ 2000 гаруй иргэн ирүүлснээс 600 хүнийг сонгон авчээ. Мөн олон улсын арга хэмжээнд ажиллах сайн дурынхны бүрэлдэхүүнд ахлах ангийн 100 сурагчийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Сайн дурын ажилтнууд COP17 бага хурлын зохион байгуулалтын үеэр зочид, төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, чиглүүлэх болон хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх юм.
COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд барилга угсралт, дэд бүтцийн ажлыг дуусгаж, хурлын талбайг НҮБ-ын талд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Мөн бага хурлын үеэр төсөл, хөтөлбөрөө танилцуулах 700 гаруй хүсэлт ирүүлжээ.
Монгол Улс энэ удаагийн бага хурлаар бэлчээрийн менежмент, ус болон газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан дэд бүтцийн шийдэл гэсэн гурван үндсэн чиглэлд олон улсын анхаарлыг хандуулахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ юм.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Үзэл бодол2025/09/25
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
-
Цаг үе2024/09/18
Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өсжээ
-
Цаг үе2025/10/20
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ...
-
Шударга мэдээ2021/05/26
Зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
