Цаг үе
Далайн гадаргын температур долдугаар сард дээд хэмжээнд хүрчээ
2026 оны долдугаар сард дэлхийн агаарын дундаж температур түүхэн бүртгэл дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол далайн гадаргын дундаж температур тухайн сарын хувьд түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.
Мөн Баруун Европт зургаадугаар сараас долдугаар сарын хооронд урьд өмнө бүртгэгдээгүй халуун үе үргэлжилсэн байна. Европ төдийгүй Ази, Латин Америкийн зарим бүс нутагт хэт халалт ажиглагдаж, Япон, БНСУ-д агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн далайн ойролцоогоор 82 хувьд тодорхой хугацаанд хэвийн хэмжээнээс хэт халсан үзэгдэл ажиглагдсан байна. Далайн ус удаан хугацаагаар хэт халах нь далайн экосистемд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим, давтамжид нөлөөлөх эрсдэлтэй юм.
Дэлхийн зарим хэсэг хэт халалттай нүүр тулж байгаа бол өөр бүс нутагт аадар бороо, үерийн гамшиг нэмэгджээ. Тухайлбал, Баруун Африкийн зарим нутгаар муссоны хүчтэй бороо орж, үер буусан байна.
Хэт халалт, хуурайшилт, ган гачиг ойн түймрийн эрсдэлийг мөн нэмэгдүүлжээ. Долдугаар сард Баруун Европт ойн түймрийн идэвхжил эрс нэмэгдсэн бөгөөд Францад энэ жил сүүлийн 24 жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирлуудын нэг тохиож болзошгүй байна. Испанид ч түймрийн идэвхжил өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын баруун хэсэг болон Канадын зарим бүс нутагт томоохон ойн түймэр гарч, халуун, хуурай цаг агаар түймэр тархах нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын Уур амьсгалын мэдээллийн газрын дарга Жон Кеннеди дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр хэт халалт илүү олон давтагдаж, эрчимжихийн зэрэгцээ удаан үргэлжилж, хамрах газар нутаг нь тэлж байгааг онцолжээ.
Баруун Европт энэ зун үргэлжилсэн хэт халалтыг Эль-Ниньо үзэгдэлтэй шууд холбох тодорхой нотолгоо одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч Номхон далайд Эль-Ниньо эрчимжвэл дэлхийн агаарын дундаж температур цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Улстөр нийгэм2026/10/15
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс...
-
Цаг үе2024/04/04
Төрийн банк: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ...
-
Улстөр нийгэм2022/02/10
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
-
Цаг үе2020/07/01
Гурван хүний үс нэг “үсэн” гутал болно
