Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлэг болов

Огноо:

,

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Эмнести интернэшл төрийн бус байгууллага, Фрейдрих Эбертийн сан хамтран НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах дэлхийн өдрийг тохиолдуулан 2016 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судлаачид, хууль шүүхийн байгууллагын алба хаагчид, мэргэжилтнүүд, мөн эрүүдэн шүүх гэмт хэргийн хохирогчдын төлөөлөл Та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. УИХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ хүрээнд эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харилцахаас сэргийлэх, таслан зогсоохыг Засгийн газар үүрэг болгосон” гэлээ. Түүнчлэн эрүүдэн шүүлтийн талаарх ноцтой баримт олон нийтэд түгээгдсэн энэ үед хэлэлцүүлэг болж буйгаараа онцлогтой гэдгийг тэрбээр хэлж байв. 

УИХ-ын гишүүн, ХЭДХорооны дарга Н.Оюундарь хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл дэх эрүү шүүлтээс ангид байх эрхийг Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд хэрхэн хангаж байгааг сонсохоор бид цуглаад байна. Манай улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцд нэгдэн орж, улмаар 2014 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт, протоколыг соёрхон баталж, хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Протоколд нэгдэж орсноос хойш нэг жилийн дотор оролцогч улс үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулж, томилгоог шийдвэрлэсэн байх үүрэгтэй бөгөөд хангалттай төсөв, хүний нөөцтэй, үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан статус бүхий эрүүдэн шүүлтийн эсрэг байгууллагыг байгуулах ёстой. Харамсалтай нь энэ шаардлагыг одоо болтол манай улс биелүүлээгүй байна. Урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чиг үүргийг ХЭҮК-т хариуцуулахаар Засгийн газрын түвшинд ярилцаж байсан төдийхнөөр өнөөдрийг хүргэжээ” гэлээ.

Энэ байдал нь мөрдөн байцаалтын шатанд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж, сэжигтнүүдтэй хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүх байдал ужигран даамжрах анхдагч шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэдэг талаар тэрбээр хэлэв. Хууль сахиулагчид иргэдийнхээ эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг бүрэн баталгаажуулж, хамгаалж чадахгүй байгаагаас улбаалаад хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг үндсэн эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байгааг мөн дурдав. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүлт хамгийн ихээр байгаа гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга хэлж байв. Нэг дүүргийн мөрдөн байцаагчид 80-200 эрүүгийн хэрэг хариуцуулдаг, дээрээс нь зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нэмэгддэг. Энэ байдал нь мөрдөн байцаалтыг харгис аргаар явуулах, эрүүдэн тулгах замаар хэрэг хүлээлгэх суурь нөхцөл болж байгааг анхаарах шаардлагатайг тэрбээр хэлэв.

Мөн шүүхийн шинэчлэл, шударга шүүх байгуулах нэрийн дор далайцтай гэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэх хэдий ч шүүх шударга бус байгаа талаарх иргэдийн гомдол нэмэгдсээр байгааг дурдав. Монгол Улс хэдийгээр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцд нэгдсэн ч энэ хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй болохыг тэрбээр шүүмжлээд зөвлөмж гаргах замаар нөхцөл байдлыг өөрчлөх шийдэл тодорхойлохоор энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг хэлсэн юм.  

    Тэрбээр “Өнөөдөр шударга ёсыг сахиулах үүрэгтэй төрийн байгууллагуудад шудрага бус байдал илүүтэй ажиглагдаж байгааг иргэд олон нийт шүүмжлэх боллоо. Улс төр, бизнесийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль, хүчний байгуулагуудыг ашиглах нь заншил болох шахсан байна.

    Хуулийн байгууллагын нэг хэсэг ажилтнуудын увайгүй, ёс зүйгүй байдлыг улс төрчид ашиглаж хуулийн байгууллагын эрх мэдлийг гартаа авахын тулд тэдэнд үүрэг даалгавар өгч томилдог төдийгүй үүнээс үүдэн тогтолцооны хараат бус байдал алдагдах, цаашлаад иргэд олон нийтийн төр, хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байгаа бөгөөд үр дүнд нь бүх хууль хяналтын байгууллагын удирдлага, бүх шатны шүүхийн шүүгчид улс төрөөс хараат байдалд, тэдний хамаарал, нөлөөллөөр ажиллаж, хууль иргэдэд бус улс төрчдөд үйлчилдэг хэрэгсэл, тэдний нөлөөллөө тогтоох талбар болжээ. Үүнийг засах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг шилж, сонгон шалгаруулж томилдог эрхтэй байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн батламжлах эрхтэй байхаар тусгаад байна.

    Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг таслан зогсоох, ахин гаргуулахгүй байхын тулд нэн даруй холбогдох хууль тогтоомжид тодорхой, хэрэгжих заалтууд оруулах, хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөх, хууль шүүхийн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтцэд эрүүдэн шүүлтийг хянах, зогсоох механизмыг бий болгож байж шудрага бус байцаалт, эрүүдэн шүүлттэй тэмцэж чадна.

    Сар хүрэхгүй хугацааны өмнө ирж ажилласан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстийн зөвлөмжинд Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай байгаа тухай илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах зөвлөмжинд энэ талаар тусган Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлэх болно.

    Хүн бүрд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг нь ойлгуулж чадаж байж бид урьдчилан сэргийлж чадна. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш, Хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгуулгууд, иргэний нийгмийн оролцоо, хяналт, санаачлага шаардлагатай” гэлээ. 

Нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал: Үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхийн олон улсын эрх зүйн шаардлага” сэдэвт илтгэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын хэрэгжилт, Монгол Улсад үндэсний тогтолцоо бүрдүүлэх асуудлаар” сэдэвт илтгэлийг танилцуулсан юм. Мөн Эмнести интернэшл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Эрүүдэн шүүхийг хориглох олон улсын гэрээ, зөвлөмжүүдийн хэрэгжилт Монгол Улсад” сэдэвт илтгэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, сургамж, шийдэл” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулсан юм.

Ийнхүү илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, санал хэллээ. Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын малчин М.Баянмөнх хэсгийн төлөөлөгчийнхөө доромж харилцаа, хүчирхийллийн талаар хэлж, орон нутагт ийм байдал түгээмэл байгааг анхааруулаад цагдаагийн ажилтнууд ямар тохиолдолд гав хэрэглэх ёстой, Зөрчлийн хуулийн талаар тодруулж, хариулт авсан юм. Орхон аймгийн өндөр настан Д.Ойсайхан 2005 онд хүүхэд нь хилсээр хэлмэгдэн, эрүү шүүлтэд орж байсан талаар дэлгэрэнгүй ярьж, хууль хүчний байгууллагын албан хаагчид хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг олон тохиолдлын нэг хэмээн хэлсэн. Түүнчлэн хүүхдийг нь баривчлах үед мөрдөн байцаагч нь оюутнуудыг оролцуулж, эрүүдэн шүүлт тулгах аргыг хэрэглэхүйц нөхцөлд хүргэж, нэг төрлийн сургалт болгож байгааг таслан зогсооход анхаарах шаардлагатайг хэллээ.

Мөн тэрбээр Орхон аймаг дахь уул уурхайн нөхцөл байдлаас үүдэн цагаан тоос нь орхончуудын эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг ихээхэн зөрчиж буйг хэлээд асуудлыг шийдвэрлүүлэх, оршин суугчдад нөхөн олговор олгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн асан Л.Оюунгэрэл нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэрбээр “Энэ бол цаг үеэ олсон арга хэмжээ. Бид эрүүдэн шүүлтийн тохиолдол бүрийг анхаарч, эцэслэн шийдвэрлүүлж байхгүй бол энэ нь эргээд эрүүдэн шүүж буй хүмүүст боломж, давуу байдал үүсгэдэг эрсдэлтэй. Тиймээс бид тохиолдол бүр дээр анхаарч, холбогдох арга хэмжээг авч байх нь нэн чухал. Би С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалт хууль зүйн үндэслэлгүй, ёс бус байгааг илчилснийхээ төлөө маш их доромжлуулж, дарамтад орж байв.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ би ийм нөхцөлд орж байсныг тэмдэглэн хэлье” гэлээ. Мөн тэрбээр Эрүүгийн хуулийн хэлэлцүүлэг, төслийн явцын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн хуулийн дагуу хууль сахиулахын тулд холбогдох хуулийг батлах, аливаа хууль алагчлалгүй үйлчилдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болохыг хэлсэн. Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталснаар эрүүдэн шүүлт болон хууль сахиулагчдын ёс зүйгүй үйлдлүүдийг таслан зогсоож, тэдэнд хүний эрхийг дээдлэн ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэдгийг мөн дурдав. 

Үргэлжлүүлэн илтгэлүүдийг танилцууллаа. Тухайлбал, Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явц” сэдэвт илтгэл, Улсын ерөнхий прокурорын газраас “Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгт тавих прокурорын хяналт, үр нөлөө” сэдэвт илтгэлийг танилцууллаа. Харин Улсын дээд шүүхээс “Шүүхээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд эрүү шүүлт тулгах тухай ойлголт, эрх зүйн зохицуулалтын талаар, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн байдлын талаар, шүүхийн эрх хэмжээ ба нотлох баримтыг үнэлэх тухай, шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төгсгөлд нь шүүхээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаарх дүгнэлт, саналаа танилцууллаа. 

Нээлттэй нийгэм форумаас “Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйл” сэдэвт илтгэлийг танилцуулав. 

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлж, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүлдээ хуваалцсан. Монфемнет үндэсний сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа хорих ангиудад гардаг эрүүдэн шүүлтийн хэлбэр, хорих ангиудын тоноглолын талаар лавлаж, хариулт авсан. Бага насны хүүхэд нь бэлгийн хүчирхийлэлд өртөөд зан үйлийн эмгэгтэй болсон, тодорхой шалтгаанаар цагдаад баригдаад хүчирхийлэл, эрүү шүүлтэд өртсөн талаарх тохиолдлын талаар Л.Наранчимэг мэдээлсэн. Цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүх байгууллагууд хамтран иргэд, сэжигтнүүдийг эрүүдэн шүүж, хохироодог байдлын талаар ярив.

Эдгээр байгууллагын ажилтнууд, мэргэжилтнүүд нь хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй байдгийг мөн хэлж байлаа. Гэмт хэргийн сэжигтнүүдийг манай улсад ерөнхийд нь хамруулж ойлгоод, нэг хэлбээр мөрдөн байцааж, шүүн таслах ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 461 дүгээр ангид 18-20 насны 4000 гаруй залуучууд сэжигтэн, яллагдагчаар хоригдож байгаа гэдэг мэдээллийг Л.Наранчимэг хэлээд өсвөр насны залуучуудын онцлог, нөхцөл байдлыг тооцож, харгалзах шаардлага бий гэдгийг хэллээ. Хууль хүчний байгууллагынхан ямар ч тохиолдолд иргэн, сэжигтнийг зодож, цохих эрхгүй гэдгийг тэрбээр онцолж байв.

Бусад оронд хууль тогтоогчдын зан байдлын тухай хууль байдаг жишээг тэрбээр дурдаж, хууль сахиулагчдын үйл ажиллагааг хянаж байх шаардлагын талаар хэлсэн. Улсын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш хэлэлцүүлэгт оролцож буй прокурор, шүүхийн байгууллагын төлөөллөөс зарим зүйлийг тодруулсан. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг нэн даруй дахин байгуулах шаардлагатай байгаа талаар өмгөөлөгч С.Отгонгэрэл хэлсэн бол хилс хэрэгт 8.1 жил сэжиглэгдэж, 8 удаагийн шүүхээр шийдвэрлүүлэн, энэ хугацаандаа Хэнтий аймгийн мөрдөнд 3 сар, Ганц худагт 4 сар хоригдож хохирч байсан талаараа Хэнтий аймгийн иргэн С.Оюунцэцэг ярьсан.

Тэрбээр ХЭҮК-т хандсанаараа 72 сая төгрөгийн нөхөн олговор тогтоолгосон боловч тодорхой шалтгааны улмаас 24 сая төгрөгийн нөхөн олговор авчээ. Тэрбээр бичиг үсэг мэдэхгүй, тодорхойгүй шалтгаанаар удаан хугацаанд шүүх, хууль хүчний байгууллагаар явж маш их хохирсондоо гомдолтой байдаг бөгөөд хууль хүчний байгууллага, шүүх, цагдаагийн байгууллагууд иргэдийг энэ мэтээр үндэслэлгүй сэжиглэх, тодорхойгүй хэрэг хүлээлгэх гэж шахалт үзүүлэхгүй байхыг хүсч буйгаа хэлсэн.

Мөн 2015 онд Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж авилга авч, хууль бус хоёр томилгоо хийсэн гэх мэдээллийн дагуу АТГ-т шалгагдан гүйцэтгэх ажиллагааны хохирогч болсон Б.Оюундэлгэр өөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрбээр хууль тэгш үйлчлэх зарчим алдагдаад байгаа талаар, эрүүдэн шүүлт гэдэг зөвхөн хорих ангид байдаг гэж байгаа нь буруу, ажлын байран дээр ч үйлдэгдэж буй гэдгийг хэлж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх хууль, шүүхийн байгууллагад ёс зүйгүй, шударга бус үйл ажиллагаа явуулдаг бүтцийг устгах, хууль хүчний байгууллагуудын хүний эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэж буй гэмт хэргийг шийдвэрлэдэг тусдаа мөрдөн байцаах газар байгуулахтай холбоотой саналыг хэлсэн юм.

Түүнчлэн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээтэй холбоотой нөхцөл байдлын талаар шүүмжилж, нөхцөл байдлын талаар тодорхой жишээ баримтуудыг дурдаад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн Хөвсгөл аймгийн иргэн Д.Энхмандах өөрийн кейсийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэрбээр “Ямар нэг гүйцэтгэх ажиллагааны үеэр бага насны хүүхдүүдийн асуудлыг огт тооцохгүй, хэрэгсэхгүй орхидог нь эргээд хүүхдүүдийг эрүү шүүлтэд дам хэлбэрээр өртүүлдэг болохыг өөрийн биеэр туулсан” хэмээн хэлж байв. Хууль, шүүхийн байгууллагын энэ үйл ажиллагаанаас 01-14 насны зургаан хүүхэд ийнхүү дам хохирсон талаар хэлж байсан. 

Түүнчлэн тодорхой хэрэгт сэжиглэгдэн, удаан хугацаанд шалгагдаад 7 жилийн дараа цагаадсан хэдий ч нийгэм үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй, өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүйгээс амьжиргааны нөхцөл байдал тун хүнд, амьдрах газаргүй байгаагаа хэлж байв. Хэрэгт сэжиглэгдэж байх үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэргийн талаар тогтмол мэдээлж байсан боловч 7 жилийн дараа цагаатгагдахад үүнийг хэн ч тоохгүй байсан нь өөрөө хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хэлж байсан. Энэ мэтчилэн гэмт хэргийн сэжигтнүүдийн эрүүдэн шүүлтэд өртдөг талаарх кейс, хугацаат цэргийн албан хаагчдын эрүүдэн шүүлтийн нөхцөл, хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа зохих журмаар явуулсныхаа төлөө хохирч, гэмт хэрэгт сэжиглэгдэн удаан хугацаанд хохирсон талаарх тохиолдлуудаа ярьж, шийдвэрлэх гарцын талаар тус тусын байр суурийг илэрхийлж байлаа. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох