Улстөр нийгэм
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа
УИХ-ын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Монгол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг баримтлан хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 7.1.3, 10.1.3 дахь заалтаас “цар тахлын голомтод” гэснийг хассан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурдсан.

Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан” гэснийг “эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан" гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга хэмжээг” гэсний дараа “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж нэмэхийг УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Түүнчлэн төслийн 10 дугаар зүйлийн гарчгийг “Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэж өөрчлөн, 10.3 дахь хэсгийн дугаарыг “10.4” гэж, 10.2.3 дахь заалтын дугаарыг “10.5" гэж, 10.2.4 дэх заалтын дугаарыг “10.6” гэж, 10.2.5 дахь заалтын дугаарыг “10.7” гэж тус тус өөрчлөн үг хэллэгийг жигдлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалтын “авахдаа” гэсний дараа “хүүхэд болон” гэж нэмэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “арван” гэснийг “таван зуун” гэж өөрчлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 45 гишүүний 44 нь буюу 95.8 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа.
Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
