Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан

Огноо:

,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжээд удаж буй. Хуульд зааснаар Тагнуулын ерөнхий газар хэлмэгдэгсэдийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүтэй энэ талаар ярилцлаа.

- Дээрх хуульд заасан өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа энэ онд дуусна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг анх 1998 онд баталж хилсээр хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгож эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргах хугацааг гурван удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байв. Тодруулбал, хэрэгжүүлэх хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусаж, өргөдөл, гомдол хүлээн авах эрх зүйн орчин байхгүй болсон. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсанаар сунгасан хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох юм.

- Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн хугацаанд хэчнээн хэргийг мөрдөн шалгасан бэ?

- Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон баривчлагдан мөрдөгдсөн этгээдийг цагаатгуулах тухай гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулна гэж заасан. Үүний хүрээнд Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэн ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байна. 1939-2020 он хүртэлх хугацаанд 31 654 хүнд холбогдох 10 264 хэргийг цагаатгаж, тэдний нэр төрийг сэргээсэн. Үүний дагуу иргэдэд нөхөн олговорт 16.4 тэрбум, орон сууц түүнтэй дүйцэх мөнгөн олговорт 3.5 тэрбум төгрөгийг олгуулсан байдаг. Мөн тагнуулын байгууллагаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төсөл, санал боловсруулахад тухай бүр идэвх санаачилгатай оролцож ирсэн. Тодруулбал, Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан удаагийн ажлын хэсэгт орж ажилласан билээ.

- Хилсээр хэлмэгдсэн иргэдийг 1998 оноос өмнө цагаатгаж эхэлсэн юм биш үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Түүхэн талаас нь авч үзвэл анх ДЯЯ-ны сайдын 1939 оны зургадугаар сарын 16-ны 229 тоот тушаалаар одоогийн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын суурь тавигдсан. Энэ газар нь эх орноосоо урвах, хорлон сүйтгэх гэх мэт үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахын зэрэгцээ мөрдөн байцаалтын ажилд гарсан алдаа, дутагдлыг засаж сайжруулах зорилгоор өмнө нь шийдвэрлэсэн болон мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргүүдийг шалгадаг байсан. Тодруулбал, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын хурлаар шалгасан хэргийг хэлэлцүүлэн хэрэгтнийг холбогдолгүй бол суллах, ногдуулсан ялыг нь хөнгөрүүлэх зэргээр алдаа завхралуудыг засаж эхэлсэн. Үүнийг цагаатгах ажлын эхлэх гэж үздэг. 1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан байдаг.

Мөн Гэндэн, Дэмид нарын 14 хүний хэрэг, түүнээс хойш баригдсан зарим хэрэгтний материалуудтай танилцаж, хувьсгалын эсэргүү гэх хэргээр баривчлагдсан бүх хүний хэргийг нягтлан шалгасан юм билээ. Уг хэлтэс нь 1957-1962 оны хоёрдугаар сар хүртэл ажиллахдаа 566 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 530 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 36 хүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 1988 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны V хурлаар 1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг дахин шалгаж үзэх, иргэдийн шаардлага хүсэлтийг харгалзан хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг дахин сэргээн эхлүүлэхээр болсон. Ингээд 1990-1997 онд 23 900 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн гэх мэт ажлууд хийсэн байдаг. Товчхондоо ийм.

-Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс 2018 оноос хойш хэр үр бүтээлтэй ажилласан бэ?

- 2018 оны хоёрдугаар сарын 19-нөөс хууль хэрэгжиж эхэлсэн. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 879 хүнд холбогдох 644 хэргийг шийдвэрлэсэн байна. Ингээд 72 хүнд холбогдох 32 хэргийг шүүхэд шилжүүлж, цагаатгуулах саналтай, 83 хүнд холбогдох 61 хэргийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцох саналтай шилжүүлсэн байна. Мөн 391 хүнд холбогдох 253 хэргийг тухайн гэмт хэргийн хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр үндэслэлээр, 333 хүнд холбогдох 292 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт тус тус шилжүүлжээ. 2018 оноос хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын хэсэгт тагнуулын байгууллагын төлөөлөл ажиллаж, 1922-1966 оны 4377 эрүүгийн хэрэг, 140 хадгаламжийн нэгж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолтой танилцаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийлээ.

- Түүхийн эх сурвалжид тухайн үеийн ДЯЯ-ныхан ч хэлмэгдэж байсан гэдэг?

- Улс төрийн хэлмэгдүүлэлт бол манай улсын түүхэнд хараар бичигдсэн харамсалтай үйл явдал. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, гадаад дотоод олон хүчин зүйл их нөлөөлсөн гэдэг. Тухайн үед ажиллаж байсан зөвлөлтийн зааварлагч нарын шахалтаар ДЯЯ-ны сайд, Дотоод хамгаалах газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн 80 хувь, ДЯЯ-ны орлогч сайд, Дотоод хамгаалах газрын орлогч даргаар ажиллаж байсан хүмүүс 100 хувь, газрын даргаар ажиллаж байсан хүмүүс 70 хувийн хилмэгдүүлсэн. Мөн хэлтсийн даргаар ажиллаж байсан 45, тасгийн даргаар ажиллаж байсан 12, гүйцэтгэх ажилтан 30 хүн хэлмэгдсэн. Эдгээрээс 35 хүнийг ЗХУ-д аваачиж тэндхийн хуулиар шийтгэсэн байдаг. Харин одоо үед тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажилд их ач холбогдол өгч ирсэн. Иргэд ч мөн ихээр хандаж, цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх хүсэлтийг олноор ирүүлдэг.

- Цагаатгах, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй хүн олон ханддаг гэлээ. ТЕГ хэр ачаалалтай ажиллаж байна вэ.  Өдөрт, сард хэчнээн хүсэлт өргөдөл ирдэг бол?

-  Цагаатгалын хуулийн хуулийн 7.1-д зааснаар хүн хуулийн этгээдээс ирүүлсэн цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-аас хянан үзэж шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.  2020 оны эхний таван сарын байдлаар 238 хүнд холбогдох 194 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс УЕПГ-аас хүн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хянан үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн 20 хүнд холбогдох 18 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн.

- Хүнийг цагаатгахийн тулд аль эртний хэргийг буцааж сөхөн мөрдөн шалгах хэрэгтэй болно. Хүндрэл учирдаг уу. Жишээ нь, ЗХУ-д цаазлуулсан иргэдийн мэдээллийг авч чаддаг уу?

- Монгол улсын хэдэн иргэн ЗХУ-д хэлмэгдсэн тоо судалгаа байхгүй. ОХУ-аас 348 хүнд холбогдох баримт авчирсан, эдгээр 348 хүний хэрэг бүгд цагаадсан. Мөрдөн шалгах ажлын явцад хүндрэл гардаг. Гол нь хүсэлт гаргагчид цагаатгуулах гэж байгаа хүнийхээ  овог, нэр, нас, оршин сууж байсан газар, баривчлагдсан он, ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй  ихэвчлэн бусдаас дам сонссоноо бичсэн байдаг. Зарим тохиолдолд таамгаар тухайн цаг үед ямар нэг хэрэгт холбогдож байсан эсвэл сураггүй алга болсон юм уу, өөрөө мэдэхгүй л бол хэлмэгдүүлсэн гэж үзэж гомдол гаргадаг. Гэтэл энэ нь өөр шалтгаантай байж таардаг. Мөн орон нутгийн архивын баримтууд байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч устаж алга болсон байдаг. Энэ бүгд нь тухайн хүнийг улс төрийн хэрэгт холбогдсон эсэхийг тогтооход хүндрэлтэй болгодог.

- Хуулийн хэрэгжих хугацаа арвандугаар сарын 31-нд дуусгавар болно гэлээ.  Манай улс өнгөрсөн хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бүх хүнээ цагаатгачихсан уу?

- Хууль хүчин төгөлдөр байна. Гол нь хүн, хуулийн этгээдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүнийг цагаатгуулах гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хүлээж авах заалт юм. Харин ТЕГ-ын Тусгай архив болон, орон нутгийн архивуудаас судалгаанд авсан өмнө шалгаагүй эрүүгийн хэргүүдийг цагаатгуулах гомдлыг Цагаатгалын хуулийн 6.1-д зааснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хуулийн хугацааны дотор гаргасан. Дээрх хэргүүдийг цагаатгах эсэхийг шалгаж шийдвэрлэх ажил явагдаж байна.  

- Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танайх байнга оролцдог. Ажлын хэсэгт орсны хувьд цагаатгах хууль эрх зүйн орчин бүрдсэн үү, хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг бүрэн утгаар нь сэргээж чаддаг уу, мөнгөн төлбөр өгөөд л орхиж байна уу?

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль 1998 онд  батлагдан гарснаар эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэж төрийн орон тооны бус байгууллага байдаг. Энэ байгууллага нь хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд, аймаг нийслэлийн хэмжээнд салбар комисс, сум, хорооны хэмжээнд тухайн засаг дарга хяналт тавина гэж хуульд заасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, тэдэнд болон үр хүүхдүүд нь нөхөх олговор олгох, хэлмэгдэгчийн дурсгалыг хүндэтгэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг бусад үр дагаврыг арилгах хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байна.

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийсэн гэсэн, энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Монгол Улсын ҮАБЗ-ийн 2014 оны зөвлөмжид заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж дуусгах зорилтын хүрээнд 2015 онд ЦАУЗБУК, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж тодорхой ажлыг  хэрэгжүүлж ирлээ. Ажлын хэсэг 2017-2018 онд 18 аймгийн Шүүхийн тамгын газрын архив, Прокурорын архив, Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасаг буюу Төрийн архив нийт 54 архивт ажиллаж 12 аймгийн 313 хүнд холбогдох 261 эрүүгийн хэргийг Тусгай архивт бүрэн татаж төвлөрүүлсэн. Судалгаанд авсан дээрх эрүүгийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажил хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна.

- Ах дүү төрөл төрөгсөдөө цагаатгуулах хүсэлтэй иргэн хаана ямар журмаар хандах ёстой вэ?
 

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-т гаргах ёстой.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог

Огноо:

,

БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа.  Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм. 

-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин  хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн.   Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.

-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?

-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай. 

-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг. 

Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг. 

Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.

Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.

-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?

-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.

-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?

-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно.  Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг. 

Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон.  Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.  

-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?

-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл  биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна

Огноо:

,

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.

Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.

Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.

АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох