Цаг үе
Гараа зөв угааснаар халдвараас бүрэн сэргийлнэ
Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.
Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.
Бохирдол ихтэй зүйлс:
• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур
Гараа хэзээ угаах вэ?
• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?
• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх
Цаг үе
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодис нөөцөлнө. 2025-2026 оны өвөл 6200 тонн бодис, 6800 тонн давс зарцуулсан тул энэ жилийн нөөц хангалттай гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай бөгөөд үлдсэн 20 хувийн бодис, давсны худалдан авалтыг нийслэл, дүүрэг, ТҮК-иудаас зохион байгуулж буй.
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага ажилладаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх тохижилт үйлчилгээний компанид хяналт, шалгалт хийж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүний нөөц, машин техник, автобаазын хүчин чадлыг сайжруулсан байна.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, уламжлалт гар аргаар болон орчин үеийн тусгай зориулалтын шүүрдэгч авто машинаар хослуулан үйлчилгээ үзүүлдэг. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан “Машин, техник, түлш, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, 10 тонн давс тээвэрлэх хүчин чадалтай Солонгос улсын “Хово” машинаар давс, бодисын цацалт хийж байна. Давс, бодисын нөөц бэлэн” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх тохижилт үйлчилгээний компанийг өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.








Цаг үе
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хакатоны хүрээнд оролцогчид бизнесийн загвар боловсруулах, зах зээл болон хөрөнгө оруулалтын талаар сургалтад хамрагдаж, мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлгийн дор төслөө хөгжүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж үнэлүүллээ.
Арга хэмжээний дүнгээр нэгдүгээр байрт “Num soft” баг машин түрээсийн үйлчилгээний төслөөр шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртэв. Хоёрдугаар байрт “Chameleon” баг хиймэл оюун ухаанд суурилсан “Adaptive AI Tutor” төслөөр шалгарч, 2 сая төгрөгийн шагнал авлаа. Гуравдугаар байрт “Positive” баг ажил олгогч, ажил горилогчдыг холбох, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах “HirERP” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Мөн ШУТИС-ийн нэрэмжит тусгай байрт “Blueprint” баг хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг зохицуулах хиймэл оюун ухаанд суурилсан “Golden Road” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртлээ.
“Spark-UB startup town” ideathon нь залуусын бүтээлч санааг дэмжих, технологид суурилсан бизнесийн шийдлийг хөгжүүлэх, Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновацын экосистемийг бэхжүүлэх, залуусын шинэлэг санааг бодит бизнес болгон хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Цаг үе
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.
Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:
- ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
- ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
- БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
- ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
- СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
- СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
- ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
- СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
- СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.
-
Цаг үе2024/01/11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Урлаг спорт2021/07/02
Түүх, соёлын дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тог...
-
Улстөр нийгэм2025/03/27
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2020/01/03
“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач ...
