Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2020 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулсаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8,9-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Судалгааг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.
Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.
Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.
Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
-
Шударга мэдээ2026/01/29
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I ...
-
Цаг үе2022/06/24
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав
-
Цаг үе2022/07/25
Гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийж...
-
Цаг үе2022/10/11
Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх ...
