Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар өдөртөө 2-7 хэм, бусад 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 25, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Улстөр нийгэм2023/04/13
Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав
-
Урлаг спорт2021/11/11
Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
-
Шударга мэдээ2026/04/07
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүл...
-
Цаг үе2025/06/25
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
