Цаг үе
Архангай аймгийн Батцэнгэл сум дахь "Ковид-19" халдварын голомт хаагдлаа
Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдварт өртсөнийг илрүүлэн онош баталгаажуулсан. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомтыг хаагаад байна.
Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрсэн иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.

Тус аймгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бид кластер голомт орон нутагт гарахад хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийн дагуу Архангай аймгийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хурдтай, оновчтой хамтран ажилласны дүнд голомтыг хязгаарласан. Ойрын хавьтлыг яаралтай илрүүлэх, шинжлэх зорилгоор "Ковид-19" халдварын 14 мянган ширхэг түргэвчилсэн Ag тест, мөн ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээний явуулын авто-лабораторийг 24 цагийн дотор голомтод илгээн лабораторийн нэг эмч, нэг генетикч, жолоочийн хамт 10 хоног томилон ажиллууллаа. ЭМЯ-аас нийт 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах өмсгөл, эмнэлгийн хэрэгслийн хангалт, голомтод ажилласан эмнэлгийн мэргэжилтний урамшуулалд 16 сая, илүү цагийн хөлс 44 сая төгрөгийг шийдвэрлэсэн. ЭМЯ-аас эмнэлгийн тусламжийг өргөжүүлэх чиглэлд аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат нэг, гемодиалезийн аппарат нэг, компьютер томографын аппаратаар хангаж, нэмж таван амьсгалын аппаратаар хангах ажил хийгдэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Genе-Expert аппаратаар "Ковид-19"-ийг тодорхойлж байгаа бөгөөд шаардлагатай урвалж, картридж зэргээр хангаад байна. Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний буюу молекул биологийн шинжилгээ хийх лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэлээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа “Богино хугацаанд голомтыг цомхотгоход бидэнд эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийж, тодотгосон сайн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны багаа бүрдүүлж чадавхжуулсан, үүний дүнд салбар хоорондын хамтын ажиллагаа нягтарсан нь шуурхай үр дүнтэй ажиллах үндэс болсон. Энэ зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд зөвхөн нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэн хязгаарлагдсан нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжиж АОК болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу аймгийн иргэд маань гарын эрүүл ахуйг сахиж, маск зүүж байсан, батлагдсан тохиолдлууд нь ихэвчлэн гадаа задгай агаарын идэвхтэй урсгал бүхий талбайд ойрын хавьтал болсон /идэш бэлтгэх гадаа талбайд, малын бэлчээрт, гудамжинд гэх мэт/ зэрэг онцлогууд байсан. Цар тахлын голомтын цар хүрээг тогтоож, өвлийн дүн хүйтэнд, хөдөө хот айлаас хот айлын хооронд явж хариу арга хэмжээ авч, голомтот сумын бүх иргэдийг идэвхтэй илрүүлэгт шуурхай, дэглэм барьж цэгцтэй хамруулахад эмнэлгийн ажилтан бидэнд бүх түвшний хамтын ажиллагаа, дэмжлэг, зөвлөмж маш том хүч урам болсон юм. Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан "Ковид-19" халдварын голомтын хариу арга хэмжээг шуурхай авч цомхотгоход бодлогын болоод нөөц, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд, түүний баг хамт олон, хамтарч ажилласан Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамт олон, голомтод томилогдон бидэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласан ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн баг, ХӨСҮТ-ийн тахвар судлаач Алтмаа, Архангай аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн 4 баг, 9 бүлгийн нийт бие бүрэлдэхүүн, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье” гэлээ.
Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын ПАМП 3 болон тарианы ПАМП 8 зэрэг тоног төхөөрөмж, 104 сая төгрөгийг шийдвэрлэж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.
Хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ
Архангай аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ирсэн тухай мэдээлэл 2020 оны 11 сарын 27-ны өдөр тус аймагт УОК, Тагнуулын хэлтсээс мэдээлэн ЭМЯ, холбогдох талууд мэргэжил арга зүйгээр ханган шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тус аймгийн Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй 30 минутын дотор томилон гаргаж, тус суманд 2 цагийн дотор тэг зогсолт хийж, хариу арга хэмжээг шуурхай авч, сэжигтэй тохиолдол болон түүний нэн ойрын хавьтал болох 9 хүнээс сорьц авч ХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэн PCR шинжилгээнд хамруулахад 3 тохиолдол онош батлагдаж, тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээнд хамруулсан.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай хариу арга хэмжээний баг, тандалтын багийнхан мэдээлэл авснаас хойш 24 цагийн дотор ойрын хавьтал болох 74 хүнийг бүрэн тогтоож, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, шинжилгээнд бүрэн хамруулсан. Хоёрдогч хавьтлын 869 хүнийг Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумаас 48 цагийн дотор бүрэн тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулж, 72 цагт багтаан шинжилгээнд хамруулахад "Ковид-19" вирусний халдвар илрээгүй байна.

Халдварын батлагдсан тохиолдлын голомтыг өргөтгөн Батцэнгэл сумын хүн амын дунд халдварын тархалтыг тогтоох зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” идэвхтэй илрүүлэг 2020 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 10 лаборант, лабораторийн эмч ажилласан. ЭМЯ-аас ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийг Батцэнгэл суманд ажиллуулан, нийт 3148 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас эерэг гарсан тохиолдол байхгүй байжээ.

Архангай аймгийн ЗӨСТ-ийн тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй 1, 2-р багийг голомтод томилон 14 хоног ажиллуулж 207 обьектийн 17.9 мянган м.кв талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2019/07/22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2025/12/25
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
-
Улстөр нийгэм2023/04/28
Монгол Улсад генерал цол бий болсны 79 жилийн ой тохиож байна
-
Цаг үе2024/10/16
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

