Цаг үе
Банкны удирдах ажилтан мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна
Эх сурвалж: globalanticorruptionblog.com
Өнгөрсөн сард Голландын давж заалдах шатны шүүхээс тус улсын хамгийн том банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг улсын прокурорт үүрэг болгожээ. Шүүхээс Ральф Хэмерсийг Амстердамд төвтэй “ING” банкны гүйцэтгэх захирлаар 7 жил ажиллах хугацаандаа мөнгө угаасан болон бусад гэмт хэрэгт буруутган шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна. Санхүү, хууль эрх зүйн мэргэжилтнүүд өөрсдийн үйлдсэн хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдах нь ховор байдаг бөгөөд тэдний удирдах албан тушаалтнууд нь онилогдох нь бүр ч ховор байдаг. Энэхүү шийдвэрээс өмнө Голдман Саксын банкируудыг 1MDB-ийн дуулианд оролцсон хэрэгт буруутгаж байсан нь хамааралгүй зүйл байсан.
"Тэнд" гарч буй авлигад "энд" байгаа банкирууд, хуульчид, нягтлан бодогчид болон бусад зуучлагчдын үйлчилгээ шаардлагатай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын санхүүгийн төвүүд дэх санхүүгийн болон корпорацын үйлчилгээнүүд нь хөгжиж буй орнуудын ихэнх хэсэгт илэрсэн авлигад түлхэц болж байгаа талаар бид ярьдаг.
Гэхдээ авлигын эсрэг ажиллаж байгаа хүмүүс энэ ойлголттой санал нийлэх эсэх нь өөр асуудал юм. Транспэрэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийг харахад хөгжингүй орнууд авлигатай сайн тэмцэж байгаа гэсэн ойлголтыг төрүүлдэг бөгөөд хүснэгтийн доод хэсгийг харвал авилга нь хөгжиж буй орнуудад үнэхээр асуудал болж байна. Бид Панамын баримт бичиг, 1MDB, Danske банк болон FinCEN файлуудын талаарх асуудлуудаас бүрэн сургамж аваагүй бөгөөд энэ нь авлигын хэрэг бий болоход банкууд, хуульчид болон бусад мэргэжилтнүүдийн үзүүлж буй үйлчилгээ нөлөө үзүүлж байгааг харуулж байна.
Асуудлын нэг хэсэг нь санхүүгийн болон компанийн үйлчилгээ эрхлэгчдийн авлигад эзлэх үүрэг оролцоо аюултай түвшинд хүрснийг олж харахгүй байгаа явдал юм.
Мөнгө угаагчдын үйлчилгээ нь зохион байгуулалттай гэмт хэрэг эсвэл авлигын гэмт хэрэгтэй салшгүй холбоотой болохыг ойлгох нь чухал юм. Бид хээл хахууль болон эд хөрөнгө ашиглан шамшигдуулах нь мөнгө угаах хэргээс өөр зүйл гэж үздэг боловч эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Мөнгө угаах нь зөвхөн мөнгө хулгайлсан хүнд үзүүлж буй дараагийн бодит тусламж биш юм. Энэ бол бүхэл бүтэн схемийн нэг хэсэг бөгөөд нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Банкны дээрэмчид хэзээ ч гарахгүй болтлоо дээрэм хийхээр төлөвлөхгүй – түүнд зугтах машин хэрэгтэй, эс тэгвээс түүний төлөвлөгөө амжилтгүй болно. Үүнтэй адилаар бусад газарт үйлдсэн авлигын үйлдлүүдэд барууны банкирууд болон компанийн үйлчилгээ эрхлэгчдийн санал болгодог зугтах машин хэрэгтэй юм. Хууль эрх зүйн хувьд тэдгээрийг хоёр тусдаа гэмт хэрэг гэж үздэг ч бодит байдал дээр нэг зоосны хоёр тал болохыг нуух ёсгүй.
Өнгөрсөн сард гаргасан шийдвэр нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чухал үүрэг болон тэднийг хариуцаж буй хүмүүсийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. 2018 онд дэлхийн хэмжээний санхүүгийн системийн нөлөө бүхий “ING” банк нь мөнгө угаах хэрэгтэй тэмцэх хяналтын сул байдлыг ашиглан дансаараа дамжуулан олон удаа мөнгө угаасан болохыг Голланд улсын прокурорын газраас хянан шийдвэрлэжээ. Уг банк 675 сая еврогийн торгууль болон хууль бусаар олсон 100 сая еврогийн хураамжийг буюу нийт 775 сая еврог төлсөн байна. Тус банканд үндэсний болон европын зохицуулагчид удаа дараа анхааруулж байсан ч анхааруулгыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзсэн тул нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр энэ тооцоог өөрчилж байна. Үүнээс дөрвөн зүйлийг онцлон тэмдэглэе.
-Уг процедурыг гуравдагч этгээд болох SOBI (компанийн мэдээллийг мөрдөн шалгах сан) санаачилсан бөгөөд тус сан нь хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан юм. Уг байгууллага тухайн хэргийг сонирхсон гуравдагч этгээдээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах боломжийг олгодог хуулийн заалтыг ашигласан байна. Сангийн дүрмийн нэг заалтад “Компанийн шударга байдлыг сайжруулах хүчин чармайлтыг хянах” тухай заасан байдаг тул SOBI нь уг хэргийг хангалттай сонирхож байсан нь тогтоогджээ.
-ING банк нь гэмт хэрэг үйлдсэн болон ашиг орлогодоо онцгой анхаарсан гэм буруутай үйлдлийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.
-Гүйцэтгэх захирлыг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан бөгөөд үүрэг хүлээсэн хүн гэж дүгнэсэн. Тэрээр хууль бус үйлдэл гарах магадлал өндөр байгааг мэдсээр байж арга хэмжээ авахаас татгалзсан.
-Гүйцэтгэх захирал нь өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Хувьцаа эзэмшигчдийнхээ зардлаар томоохон гэрээ хэлэлцээр хийж, хүлээсэн үүрэг хариуцлагаа умартаж байгаа нь ёс суртахуунгүй хэрэг гэж үзсэн. Тиймээс шүүх SOBI-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээд ноён Хамерсийг эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж дүгнэсэн.
Банкны удирдлагууд хориглосон үйл ажиллагааг үнэхээр удирдаж ажилласан бол ял шийтгэлгүй үлдэхгүй байх дүрмийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд тусгасан байх нь чухал юм.
Энэ шийдвэрийн эцэст ноён Хэмерсийг гэм буруутай нь тогтоогдох болно гэсэн үг биш бөгөөд үүнийг эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа шийдвэрлэх болно.
Цаг үе
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
